Ч. Сансар
Угандад анх удаа томоохон хэмжээний алтны уурхай ашиглалтад орж, тус улс алт үйлдвэрлэгч, экспортлогч болох гэсэн зорилтоо биелүүлэхэд чухал алхам хийлээ.
Уганда улсын зүүн хэсэгт орших Хятадын хөрөнгө оруулалттай 250 сая долларын өртөгтэй уг үйлдвэр нь алтыг 99.9% цэвэршүүлэх хүчин чадалтай гэж Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдлээ.
Ерөнхийлөгч Йовери Мусевени энэхүү төслийн ач холбогдлыг онцолж, "Ашигт малтмалын салбараа хөгжүүлэхийн тулд бид алт, лити, цагаан тугалга зэрэг ашигт малтмалаа боловсруулж, нэмүү өртөг шингээх ёстой" гэжээ. Busia дүүрэгт 9 км2 талбай дээр оршдог, Wagagai Mining (U) компанийн хэрэгжүүлж буй Wagagai алтны уурхайн төслийн нээлтэд Ерөнхийлөгч Мусевени оролцлоо.
Шинээр нээгдсэн уг үйлдвэр нь өдөрт 5000 тонн алтны хүдэр боловсруулж, жилд ойролцоогоор 1.2 тонн цэвэршүүлсэн алт үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа. Харьцуулахад, Уганда улсын алтны үйлдвэрлэл 2023 онд ердөө 0.0042 тонн байжээ.
Ерөнхийлөгч Мусевени алтны экспортоос олсон орлогоо цахилгаан станц, төмөр замын дэд бүтэц зэрэг үндэсний хөгжлийн томоохон төслүүдэд зарцуулах төлөвлөгөө боловсруулжээ.
Уганда улс Кениэр дамжсан экспорт, импортын зардлыг бууруулах зорилгоор 3.1 тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам барьж байна. Далайд гарцгүй Зүүн Африкийн энэ улс зэс, кобальт, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалын баялаг ихтэй орон.
Төв банкны мэдээлснээр алтны экспорт өнгөрсөн онд тус улсад 3.4 тэрбум долларын орлого оруулж, нийт экспортын орлогын 37 орчим хувийг бүрдүүлсэн.
Энэ тоонд тус улсад импортоор орж ирсэн алтны реэкспорт багтсан. Угандагийн алтны салбарт голдуу бичил уурхай эрхлэгчид ноёрхдог. Африкийн хамгийн том алт олборлогч Гана улс өнгөрсөн онд алтны экспортоор 11.6 тэрбум долларын орлого олжээ.
2024 оны аравдугаар сард Угандагийн Эрчим хүч, эрдэс баялгийн хөгжлийн сайд Рут Нанкабирва төрийн өмчит уул уурхайн компани байгуулснаа зарлав.
2022 онд батлагдсан ашигт малтмалын тухай шинэ хуулийн дагуу засгийн газар Угандад уул уурхайн бизнес эрхэлдэг бүх компаниудын 15%-ийг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй аж.
Уганда улс ашигт малтмалаа зохистой ашиглах стратегийн хүрээнд төрийн өмчит уул уурхайн компанийг байгуулж байгаа бөгөөд энэ салбарт хөрш Танзанитай ижил бодлого барихыг зорьж байна.
Эх сурвалж: Mining Technology