Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

АҮЭБ-ын сайд Г.Дамдинням: Монгол Улс шатахууны хэрэглээнийхээ дийлэнхийг дотоодоос хангана

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцтай газар дээр нь танилцаж, төслийг эрчимжүүлэх хүрээнд холбогдох албаныхантай уулзалт хийв.

Энэ үеэр сайд Г.Дамдинням БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахаратай санал солилцлоо.

Сайд Г.Дамдинням “Газрын тос боловсруулах үйлдвэр нь Монгол Улсын эдийн засгийн хурдасгуур болох стратегийн төсөл юм. Тиймээс Засгийн газар болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс онцгой анхаарч, тогтмол дэмжлэг үзүүлэн ажиллаж байна” гэдгийг онцолсон юм.

Тэрбээр үргэлжлүүлэн, уг үйлдвэр ашиглалтад орсноор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээний:

  • Ердийн хэрэглээгээр тооцоход 70 орчим хувийг,

  • Өссөн дүнгээр тооцоход 53 хувийг дотоодоос хангах боломж бүрдэнэ хэмээв.

Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдал, дархлаа нэмэгдэх чухал ач холбогдолтойг ч мөн онцоллоо. Сайдын хэлснээр, төслийн явцыг 14 хоног тутамд хянаж, шаардлагатай мэдээллүүдийг авч, байнгын анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд УИХ, Засгийн газрын түвшинд хэрэгжилтийг дэмжих бодлогын бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

“Өнөөдөр манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ 100 хувь импортоос хамаарч байна. Энэ хараат байдлыг бууруулж, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэх нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн гол зорилго. 2024 онд бид зөвхөн шатахуунд 1.8 тэрбум ам.доллар зарцуулсан. Энэ валютын урсгалын 50 хувийг дотооддоо барьж чадвал, бусад салбарт хөрөнгө оруулах боломжтой болохын зэрэгцээ инфляци, валютын ханшийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлнэ” хэмээн сайд Г.Дамдинням онцоллоо.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт нь дөрвөн багц ажлаас бүрдэх бөгөөд: Эхний багц ажил бүрэн дуусаж, 2024 онд улсын комисст хүлээлгэн өгснөөр барилга байгууламж, дэд бүтцийг зориулалтын дагуу ашиглаж эхэлсэн. Хоёр, гуравдугаар багцын хүрээнд инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна.

Харин газрын тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалт 86.4 хувийн гүйцэтгэлтэй байгааг төслийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцуулгын үеэр мэдээллээ.

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам