Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын газрын ховор металлын экспорт нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрлээ

О. Дөлгөөн

Хятадын газрын ховор металлын экспорт 7 дугаар сард огцом өсч, энэ оны 1 дүгээр сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрлээ. Энэ нь Хятад улс экспортын хязгаарлалтаа зөөлрүүлж, АНУ-тай үүссэн худалдааны зөрчил намжиж буйн илрэл хэмээн үзэж байна. Тодруулбал, экспортын хэмжээ 69 хувиар нэмэгдэж, 6,422 тоннд хүрсэн тухайг Bloomberg мэдээлжээ.

Энэ өсөлт нь Хятад улс 4, 5 дугаар сард АНУ-ын тарифын арга хэмжээнд хариу болгон өргөн хүрээтэй экспортын хяналт тогтоосны дараа гарч ирж байгаа бөгөөд энэ нь ховор металлын нийлүүлэлт, ялангуяа байнгын соронзны салбарт дэлхий дахинд хомсдол үүсэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлсэн юм. Байнгын соронз нь цахилгаан автомашин, салхин турбин, батлан хамгаалах систем зэрэг дэвшилтэт технологид зайлшгүй шаардлагатай.

Байнгын соронзноос ихээхэн хамааралтай салбарууд — Европ, Энэтхэгийн автомашин үйлдвэрлэгчдээс эхлээд электроникийн компаниуд хүртэл — нийлүүлэлтийн тасалдлаас ноцтой хохирол амссан. Учир нь Хятад улс газрын ховор металлын дэлхийн нийт үйлдвэрлэлийн ойролцоогоор 90 хувийг дангаараа хянадаг.

АНУ олон жилийн турш газрын ховор металлын нийлүүлэлтийн хувьд Хятадаас ихээхэн хамааралтай байсан бөгөөд Хятад ч энэ нөхцөл байдлыг худалдааны дайнд өөрт ашигтайгаар ашиглаж ирсэн. 2025 оны эхээр үүссэн нийлүүлэлтийн тасалдлын дараагаар АНУ-ын Засгийн газар газрын ховор металл болон байнгын соронзны дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг танилцуулж, тус улсын цорын ганц газрын ховор металл олборлогч MP Materials компанид их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн байна.

Эх сурвалж: mining.com