Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Азийн хөгжлийн банкны (АХБ) Удирдах зөвлөлийн гишүүн Бертран Фурногоор ахлуулсан төлөөлөгчид, Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин болон бусад холбогдох албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал, эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар мэдээлэл хүргэж, 2025 оны 7 дугаар сарын эцсийн байдлаар улсын инфляцийн түвшин 8.1 хувьд хүрч, Төв банкны зорилтот түвшинд тогтвортой хадгалагдаж байгааг онцлон тэмдэглэв.
Талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, Монгол Улсын хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн сэргэлтийн үйл явцын талаар санал солилцов. Мөн уул уурхайн бус салбарууд, тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэл болон хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар ярилцлаа.
Эх сурвалж: Монголбанк