Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Баянхөндий” алтны төслийн бүтээн байгуулалт 99 хувьд хүрлээ

“Erdene Resource Development” компаниас гаргасан мэдээллээр, 2025 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар “Баянхөндий” алтны төслийн бүтээн байгуулалтын ажил 99 хувьтай гүйцэтгэлийн шатанд орж, дуусахад тун ойртсон байна. Тус компани энэ оны 6 дугаар сарын 12-нд боловсруулах үйлдвэр, уул уурхайн үйл ажиллагаа болон агуулах, химийн бодис хадгалах байгууламж зэрэг үйлдвэрийн бус дэд бүтцийн барилгын зөвшөөрлийг авчээ.

Компани энэ оны II улирлын эцэс хүртэл нийт 115 сая ам.долларын хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааны зардал гаргасан бөгөөд ашиглаагүй үлдсэн 31 сая ам.долларын санхүүжилтийн нөөцтэй байгаа нь олборлолт эхлүүлэхэд зарцуулагдах боломжтойг онцолсон байна.

Төлөвлөгөөний дагуу энэ оны 3 дугаар улирлын сүүлээр анхны алтаа олборлож, 2025 оны эцэст олборлолтыг тогтмолжуулах зорилт тавьжээ. “Баянхөндий” нь өндөр агуулгатай, ил аргаар олборлох боломжтой алтны төсөл бөгөөд жилд дунджаар 85 мянган унц алт олборлох, үүнийг харьцангуй бага зардлаар гүйцэтгэх тооцоотой байгаа аж.

Түүнчлэн, тус компани II улиралд 4.1 сая ам.долларын цэвэр алдагдалтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин их үзүүлэлт болсон байна. Харин 2025 оны эхнээс Монголын Хөрөнгийн биржийн II ангилалд давхар бүртгэлтэй тус компанийн хувьцааны ханш 60 орчим хувиар огцом өсөж, зах зээлийн үнэлгээ нь 932.7 тэрбум төгрөгт хүрсэн байна.