Ч.Сансар
Цөмийн эрчим хүч үргэлж хоёр талтай байсаар ирсэн. Нэг талаас цөмийн станцууд их хэмжээний цэвэр цахилгаан үйлдвэрлэх бололцоотой боловч нөгөө талаас үргэлж улс төрийн тодорхой бус бодлого, олон нийтийн эсэргүүцэлтэй тулгардаг.
Дэлхийн эрчим хүчний статистик тоймоос харахад цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл дэлхий даяар өсөж, 2024 онд шинэ дээд амжилт тогтоожээ.
Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл
2024 онд дэлхийн бүх улс орнууд нийт 2817 ТВт.цаг цөмийн эрчим хүч үйлдвэрлэж, 2021 онд тогтоосон дээд амжилтыг давсан байна.
Сүүлийн 10 жилд дэлхийн цөмийн эрчим хүчний салбар аажмаар буюу жилд 2.6%-иар өсөж, Фукушима станцын ослоос хойш бүрэн сэргэж чадлаа. Энэ өсөлтийн дийлэнхийг ЭЗХАХБ-ын гишүүн бус орнууд бий болгосон. Эдгээр орнуудын цөмийн эрчим хүчний салбар жил бүр 3%-иар өссөн. Харин ЭЗХАХБ-ын орнуудын үйлдвэрлэл ихэвчлэн өсөөгүй бөгөөд зарим тохиолдолд буурсан.
Ази-Номхон далайн бүс нутаг: цөмийн эрчим хүчний шинэ төв
Хамгийн их өөрчлөлт Ази Номхон далайн бүс нутагт гарч байна. Тус бүс нутгийн цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл арван жилийн өмнөхөөс хоёр дахин нэмэгдэж, дэлхийн цөмийн салбарын 28 гаруй хувийг эзэлж байна:
Энэ нь дэлхийд геополитикийн том өөрчлөлт гарч буйг харуулж байна. Цөмийн эрчим хүчний салбар дахь барууны орнуудын ноёрхол дуусаж, төрийн удирдлагатай, урт хугацаанд дэд бүтцээ хөгжүүлэх хөтөлбөртэй улс орнууд давамгайлж эхэлсэн.
Хойд Америк: цөмийн салбар тогтвортой, станцууд нь хуучирч байна
АНУ жил бүр ойролцоогоор 850 ТВт. цаг үйлдвэрлэж (дэлхийн нийт цөмийн үйлдвэрлэлийн 29.2%), дэлхийд тэргүүлж байна. Гэвч АНУ-д цөмийн станцууд нь хуучирч, шинээр нэг ч станц баригдахгүй байна.
2023, 2024 онд АНУ Жоржиа муж дахь Vogtle цөмийн станц дээр хоёр шинэ реактор ашиглалтад оруулсан. Эдгээр нь тус улсад сүүлийн 30 гаруй жилд шинээр баригдсан анхны цөмийн реакторууд юм. Уг төсөл нь маш удаан хугацаанд, өндөр зардалтай хэрэгжсэн. Гэхдээ эцэст нь Vogtle цөмийн станцын хүчин чадал нь 2200 гаруй МВ-аар нэмэгдэж, нэмж нэг сая гаруй байшинг цахилгаанаар хангах боломжтой болсон.
Канадын үйлдвэрлэл 106 ТВт.цагаас (2016 онд) 85 ТВт.цаг (2024 онд) хүртэл буурсан нь станцуудын шинэчлэл, бодлого өөрчлөгдсөнтэй холбоотой. Мексикийн үйлдвэрлэл жилээс жилд их хэлбэлзэлтэй байдаг нь үйл ажиллагаатай холбоотой байж магадгүй юм.
Европ тив: Хөгжил дэвшил ба ухралт
Баруун Европ цөмийн эрчим хүчнээс аажмаар татгалзаж байна:
Цөмийн станцуудын аюулгүй байдлын стандарт тогтоодог Франц улс 2016 онд 442 ТВт.цаг үйлдвэрлэж байсан бол 2024 онд 338 ТВт.цаг хүртэл буурсан. Үүнд станцуудын засвар үйлчилгээ болон улс төрийн тодорхойгүй байдал нөлөөлсөн.
Герман улс цөмийн бүх станцуудаа хааж дууссан.
Бельги, Швейцар, Шведэд зарим атомын станцууд хаагдаж, зарим нь шинэчлэгдэж, ашиглалтын хугацаагаа уртасгаж байна.
Зүүн Европт эрчим хүчний салбарын нөхцөл байдал илүү өөдрөг харагдаж байна. Чех, Унгар, Словак улсууд үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байгаа бол Украйн дайн хийж байгаа ч жил бүр 50 гаруй ТВт.цаг эрчим хүч үйлдвэрлэж байна.
Шинэ тоглогчид
Латин Америкт, Бразил, Аргентин тус бүр 15-25 ТВт.цаг цөмийн эрчим хүч үйлдвэрлэдэг. Африк тивийн хувьд Өмнөд Африк улс ойролцоогоор нэг жилд 13 ТВт.цаг үйлдвэрлэдэг. Ойрхи Дорнодод шинэ тоглогч бий болсон: Арабын Нэгдсэн Эмират улс шинэ цөмийн станц барж, 2024 онд 40 ТВт.цаг үйлдвэрлэсэн. Энэ бол богино хугацаанд хүрсэн гайхамшигтай амжилт.
Бусад улс орон
Япон хэд хэдэн реакторыг дахин ажиллуулсан ч өнгөрсөн жил ердөө 84 ТВт.цаг үйлдвэрлэсэн. Энэ нь 2010 онд 300 гаруй ТВт.цаг үйлдвэрлэж байсантай харьцуулахад хамаагүй бага тоо.
Тайвань цөмийн станцуудаа аажмаар хааж, 2016 онд 42 ТВт.цаг байсан бол 2024 онд 12 ТВт.цаг болж буурсан.
Пакистан, Иран улсууд тогтвортой өсөлттэй явж байгаа.
Дүгнэлт
Цөмийн эрчим хүчний зах зээл ерөнхийдөө хуваагдаж байна. Зарим улс орнууд эрчим хүчний аюулгүй байдал, уур амьсгалын зорилгоо биелүүлэхийн тулд их хэмжээний хөрөнгө оруулж байгаа. Зарим нь цөмийн салбарын бодлогоо өөрчилж байна. Санаачилга барууны уламжлалт үйлдвэрлэгчдээс цөмийн эрчим хүчний салбарыг урт хугацааны санхүүжилт, төрийн бодлогоор дэмжих хүсэлтэй орнууд руу шилжиж байна.
Хөрөнгө оруулагчид цөмийн эрчим хүчний өсөлт нь Европ, Хойд Америкт биш Ази, Ойрхи Дорнодод болох магадлал өндөр гэж таамаглаж байна. Энэхүү өөрчлөлт нь байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх шинжтэй. Ялангуяа дэлхийн хамгийн том нүүрстөрөгч ялгаруулдаг Хятад улс нүүрснээс татгалзаж, цөмийн эрчим хүч рүү шилжих гигаватт бүр нь нүүрстөрөгчийн ялгаруулалттай тэмцэлд томоохон хувь нэмрээ оруулж байгаа билээ.
Эх сурвалж: oilprice.com