О. Дөлгөөн
Юнитра ХХК-ний “Үл тасрах эрчим хүч 2.0” арга хэмжээ 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Asem restaurant & Clubhouse-д болж өнгөрлөө.
Энэхүү өдөрлөг нь Монгол Улсад эрчим хүчний тогтвортой байдалд тулгарч буй эрсдэлийг даван туулах, бизнесийн байгууллагуудад найдвартай цахилгаан хангамжийн шийдлүүдийг танилцуулах зорилготой байв.
Өнөөдөр эрчим хүчний эх үүсвэр, дэд бүтцийн олон хэсэг ашиглалтын хугацаагаа дуусгаж, найдвартай ажиллагаа нь буурч байгаа нь Улаанбаатар болон улсын хэмжээнд цахилгаан хангамжийн хязгаарлалтыг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгож байна. Энэ нөхцөлд байгууллагууд урьдчилан бэлтгэл хангах, найдвартай нөөц эх үүсвэртэй байх шаардлага урьд өмнөхөөс илүү чухал болжээ.
Юнитра ХХК энэхүү арга хэмжээгээрээ дэлхийн дизель хөдөлгүүрт цахилгаан үүсгүүрийн үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч, Испани улсад үүсгэн байгуулагдсан HIMOINSA брэндийн дэвшилтэт шийдлүүдийг танилцууллаа. HIMOINSA нь Японы YANMAR ENERGY SYSTEM CO.,LTD-ийн бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд олон улсын стандартын дагуу найдвартай ажиллагаа, эдийн засгийн үр ашгийг хослуулсан бүтээгдэхүүнээрээ танигдсан.
Арга хэмжээнд бизнесийн салбарын удирдлагууд оролцож, цахилгаан үүсгүүрийн бодит туршилтыг үзүүлэн, техник-эдийн засгийн үр өгөөжийн танилцуулга, байгууллагын онцлогт нийцсэн шийдлийн санал зэрэг олон сонирхолтой мэдээллийг хүлээн авлаа.
Энэхүү өдөрлөг нь зөвхөн шинэ технологи танилцуулах бус, бизнес эрхлэгчдэд эрчим хүчний эрсдэлийг удирдах, тогтвортой ажиллагааны төлөвлөгөөгөө боловсронгуй болгох, мөн салбарын тэргүүлэгчидтэй харилцаа холбоо тогтоох боломж олгосон онцлог үйл явдал байлаа.