Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Энэтхэг улс хувийн компаниудад уран олборлож, импортлохыг зөвшөөрнө

Ч.Сансар

Энэтхэг улс цөмийн салбар дахь төрийн монополийг задалж, хөрөнгө оруулалтыг татаж, тус салбарыг хөгжүүлэхийн тулд хувийн компаниудад уран олборлох, импортлох, боловсруулахыг зөвшөөрнө гэж засгийн газрын хоёр эх сурвалж мэдэгдэв.

Ерөнхий сайд Нарендра Модигийн засгийн газар 2047 он гэхэд цөмийн эрчим хүчний салбарын хүчин чадлыг 12 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Мөн журмаа өөрчилж, гадаадын компаниудад атомын цахилгаан станцын багахан хувийг эзэмших зөвшөөрөл олгох төлөвлөгөөтэй байгаа гэж Ройтерс дөрөвдүгээр сард мэдээлэв.

Хэрэв зорилгодоо хүрч чадвал Энэтхэг улс нийт эрчим хүчний хэрэгцээний 5%-ийг цөмийн эрчим хүчээр хангах боломжтой болно гэж засгийн газар тооцоолжээ.

Цөмийн материалыг зүй бусаар ашиглах, цацрагийн аюулгүй байдал, стратегийн аюулгүй байдал зэрэг асуудлуудын улмаас төр ураны түлш олборлох, импортлох, боловсруулах үйл ажиллагаанд хяналтаа тавьсаар ирсэн.

Цаашдаа ч ашигласан ураны түлшийг дахин боловсруулах, плутонийн хаягдлыг устгах зэрэг асуудлуудыг бүрэн хариуцна. Харин цөмийн түлшний эрэлтийг хангахын тулд Энэтхэгийн засгийн газар дотоодын хувийн компаниудад уран олборлох, импортлох, боловсруулах үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төлөвлөж байна.

Энэтхэгээс гадна Канад, Өмнөд Африк, АНУ зэрэг улсууд хувийн компаниудад уран олборлох, боловсруулахыг зөвшөөрдөг.

Одоогийн байдлаар Энэтхэгт 76 мянга орчим тонн ураны нөөцтэй гэж  Засгийн газрын мэдээлж байна. Энэ нь нийт 10 мянган мегаваттын хүчин чадалтай цөмийн станцуудыг 30 жил ажиллуулахад хангалттай түлш.

Гэхдээ энэ нөөц нь нийт цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн төлөвлөсөн өсөлтийн дөнгөж 25 орчим хувийг л хангаж чадна. Үлдсэн хэсгийг нь Энэтхэг импортоор авч, боловсруулах хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага гарч байна.

Засгийн газар хоёрдугаар сарын 1-нд төсвөө танилцуулахдаа цөмийн эрчим хүчний салбарыг нээлттэй болгоно гэдгээ олон нийтэд зарласан. Үүний дараа Энэтхэгийн зарим томоохон бизнесийн корпорацууд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө боловсруулж эхэлсэн.

Шинэ Дели уул уурхай, эрчим хүчний салбар, гадаадын шууд хөрөнгө оруулалт зэрэг таван салбарыг зохицуулах хуулиудыг өөрчилж байж гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг цөмийн эрчим хүчний салбарт татан оролцуулах боломж бүрдэнэ.

Эх сурвалж: reuters.com