Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ТӨСӨВ ТОДОТГОХ ГАНЦХАН ШАЛТГААН

Ц.Элбэгсайхан

Анхнаасаа шүүмжлэл дагуулсан Монгол Улсын 2025 оны төсөв хагас жилийн дараа "хөрсөн дээрээ буух"-аас өөр аргагүй болж үнэнд гүйцэгдэв. Шинэхэн бүрэлдсэн Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайдын санаачилгаар тодотгол хийх зориг гаргасан нь макро эдийн засгийн бодлогод эрс өөрчлөлт гарах магадлал өндөр байв.

Ганцхан шалтгаан. Нүүрсний экспортын орлого тасалдсанаас үүдэн төсвийн орлого хагас жил хүрэхгүй хугацаанд 3.3 их наяд төгрөгт хүрсэн нь энэ удаагийн төсвийн тодотголыг хийх зайлшгүй сонголт болсон юм. Нүүрс гэх үнэ өртөг багатай экспортын бүтээгдэхүүн өмнөд хөршийн зах зээл дээр эрэлтээ алдаж, импорт нь удааширсны улмаас Монгол Улсын төсвийн орлого, зарлагын бүтцэд томоохон өөрчлөлтүүд орж, цаанадаж олон арван төсөл, арга хэмжээ зогсож, наанадаж төрийн олон албан хаагч ажилгүй болоход хүрэв.

ТОДОТГОЛЫН ГОЛ ӨӨРЧЛӨЛТ ЮУ БАЙВ?

Засгийн газар 2025 оны төсвийг анх батлахдаа эдийн засгийг 8%-иар өснө, экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ тонн тутмын 105 ам.доллар байна гэсэн өөдрөг төсөөлөлд тулгуурласан байв. Гэвч оны эхний хагас жилийн байдлаар дэлхийн зах зээл дэх нүүрсний үнэ 70-80 ам.доллар болтлоо унаж, төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй нь тодорхой болсон. Үндэсний аудитын газраас мэдээлснээр, оны эхний 5 сарын байдлаар нүүрсний экспортын дундаж үнэ 71.9 ам.доллар байсан нь төсөөллөөс 32%-иар доогуур үзүүлэлт юм. Энэ нь төсвийн орлогод 3.3 их наяд төгрөгийн тасалдал үүсэх гол шалтгаан болжээ.

УИХ-аар батлагдсан тодотголоор төсөвт дараах гол өөрчлөлтүүд оров:

  • Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3.26 их наяд төгрөгөөр бууруулж, 30.2 их наяд төгрөгт хүргэв.
  • Нэгдсэн төсвийн нийт зарлагыг 1.856 их наяд төгрөгөөр танаж, 31.575 их наяд төгрөг болгов.
  • Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.365 их наяд төгрөгийн алдагдалтай буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 1.5%-тай тэнцэхээр шинэчлэн батлагдлаа.

Үүнээс Хөрөнгийн зардал 500 гаруй тэрбум төгрөгөөр хасагдсан нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу 2025 оны 5 дугаар сарын 31-ний дотор гүйцэтгэгчтэйгээ гэрээ байгуулж амжаагүй төсөл, арга хэмжээнүүд байжээ. Үндсэндээ энэ жилдээ хийгдэхгүй байсан ажлууд гэсэн үг. Энэ нь төсвийн ерөнхийлөн захирагч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх, бэлтгэл ажил хангагдаагүй төслүүдийг төсөвт суулгадаг байдлыг таслан зогсоох зорилготой гэж Сангийн яам тайлбарлаж байна. Гэвч ямар төслүүд энэ удаа өртсөн талаарх дэлгэрэнгүй жагсаалтыг олон нийтэд нээлттэй мэдээлээгүй нь шүүмжлэл дагуулж байна. Энэхүү шийдвэрийн улмаас орон нутагт шинээр эхлэхээр төлөвлөж байсан цэцэрлэг, сургууль, эмнэлэг, замын олон арван бүтээн байгуулалтын ажил тодорхойгүй хугацаагаар хойшилж байна.

Урсгал зардлаас 1.3 их наяд төгрөг танаснаар төрийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаанд томоохон хэмнэлт хийх ёстой боллоо.

Үүний тал хувийг төрийн албан хаагчдын орон тоог цомхотгох замаар хэрэгжүүлэх аж. Чиг үүргийн давхардлыг арилгаж, бүтцийг оновчтой болгох зорилго тавьж нийт 14,400 төрийн албан хаагчийг цомхотгоно гэдгээ мэдэгдсэн. Саяхан Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулсан Засгийн газар бүх шатны төсвийн байгууллагуудын хөтөлбөр, арга хэмжээний зардлаас 617.3 тэрбум төгрөг хэмнэнэ гэж үзсэн бол байгууллагын татаасаас 76.8 тэрбум төгрөг, урамшуулал, тэтгэмжээс 30.2 тэрбум төгрөгийг тус тус хэмнэхээр тооцсон байна. Албан томилолт, шатахууны зардал, бичиг хэрэгсэл, шинэ худалдан авалтаа багасга гэсэн сануулгыг өгч байгаа хэрэг.

Харин цаана нь хөндөгдөөгүй, бүр нэмэгдсэн зардлууд гэж бас байна.

Тухайлбал, "Хүнсний хувьсгал", "Шинэ хоршоо" зэрэг хөтөлбөрүүдийн хүрээнд олгох зээлийн хүүгийн татааст зориулсан хөрөнгийг бууруулаагүй. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад энэ төрлийн татааст зориулж олон зуун тэрбум төгрөг тусгагдсан хэвээр байна.

Мөн эдийн засагчдын үргэлж сануулж, шүүмжилдэг нийгмийн халамжийн чиглэлийн зардлууд, тэр дундаа тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө зэрэгт таналт хийлгүй орхисноор халамжаар амьдрагч улс хэвээр үлдэх нь.

ТӨСӨВ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ХАНГАХАД ЧИГЛЭХ УЧИРТАЙ

Дэлхийн зах зээл дээрх нүүрсний ханшийн уналтаас үүдэн эхний хагас жилд төсвийн орлого бүрдүүлэлт 3.3 их наяд төгрөгөөр тасалдаж байна. Үлдэж буй хагас жилд мөн үлэмж хэмжээний орлогын тасалдал бий болох магадлалтай нөхцөл байдалд тодотголоор зардал талдаа 1.8 их наядын хэмнэлт хийх болж, зөрүүг зээлээр санхүүжүүлэх сонголт хийлээ. Үүнээс үзэхэд үлдэж буй хугацаанд орлого төвлөрүүлэлтдээ санаа зовнихгүй байгаа нь харагдана.

Тодотголд тусгаснаар, Засгийн газар орлогын тасалдлыг нөхөх зорилгоор "татварын бааз суурийг нэмэгдүүлэх, татвар хураалтыг сайжруулах, төрийн өмчит компаниудын үр ашгийг дээшлүүлэх замаар орлогоо нэмэгдүүлнэ" гэжээ. Гэвч нүүрсний "уналт" нь төсвөөс илүүтэй бодит секторт хүчтэй дарамт болж буй юм. Нүүрс экспортлогчдын орлогын бууралт нь тэдгээрийн ханган нийлүүлэлтийн сүлжээ, цаашлаад гадаад валютын орох урсгалыг бууруулж байгаагаараа ханшийн дарамтыг нийт бизнес, айл өрхөд хүртэл мэдрүүлэх эрсдэлтэй. Мэдрүүлээд ч эхэлсэн. Ийм нөхцөлд татварын бааз суурийг нэмэгдүүлэх нь хүнд даалгавар бөгөөд түүний төлөө ажиллах хүн ч үгүй тул ачааны хүндийг татварын байцаагч нар л үүрэх болов уу.

Сангийн сайд Б.Жавхлан энэ удаагийн тодотголыг "Хэмнэлтийн тодотгол" гэж цоллоод үрэлгэн зардлыг танаж, төсвийн сахилга батыг сайжруулахад чиглэж байгааг онцолсон. Гол асуудал нь төсвийг тодотгосон ч үрэлгэн хэвээр байгаа юм. Учир нь 1.85 их наяд төгрөгийг хэмнэхээр боллоо гэдэг нь тодотгол биш. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу гаргасан шийдвэр мэт харагдаж байна.

Дараагийн гол асуудал нь жил ирэх тусам үлэмж хэмжээгээр нэмэгдэж буй данхар төсөв. Сайд Б.Жавхлангийн хэлсэнчлэн "Үрэлгэн" төсөв нь зах зээлд урьд өмнө байгаагүй дарамтыг төгрөгийн ханшид учруулсаар байна. Олон Улсын Валютын Сан (ОУВС) 2025 оны 6 дугаар сард хийсэн дүгнэлтдээ Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан ч төсвийн тэлэлттэй бодлого нь инфляцын дарамтыг нэмэгдүүлж байгааг анхааруулсан. "2023-2024 онд төсвийн зарлагыг, тэр дундаа цалин, хөрөнгө оруулалтыг огцом нэмэгдүүлсэн нь төсвийн тэлэлттэй бодлоготой холбоотой бөгөөд зээлийн хурдацтай өсөлт, инфляцын дарамтыг өдөөж, импортын өсөлтийг бий болгосон" гэдгийг тэд онцлон тэмдэглэжээ.

Түүнчлэн инфляцыг өдөөгөөд зогсохгүй, гадаад валютын ханшийн өсөлт, валютын гадагшлах урсгалыг дэмжих нөлөөтэй байгаа нь мөнгөний бодлого зөөлрөх орон зайг боомилж бодит сектор буюу бизнесүүдэд санхүүжилт татах, зээл авахад өндөр босго тогтох суурь шалтгаан болсоор байгаа юм. Үүнийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав хурцаар шүүмжилжээ. Тэрбээр "Төсвийн тодотголыг өнөөдрийн нөхцөлд хийх л ёстой. Гэхдээ 1.8 их наядаар танана гэдэг хангалтгүй. Яагаад гэвэл татвар угаасаа хуримтлагдахгүй. Тийм учраас төсвийн зардлыг 10 их наядаар танах хэрэгтэй. Энэ бол хийсвэр тоо биш. Ердөө л гаргах нүүрсний үнийг өнөөдрийн бодит ханш буюу 70 ам.доллароор тооцоход тесвийн орлогын бодит дүн гарч ирнэ" гэсэн юм.

Төсөв эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэдэг. Харин тодотгол хийснээр гаргасан алдаагаа засаж залруулах учиртай. Гэвч 2025 оны төсвийн тодотгол илүү том алдаа руу чиглэж байж мэдэх юм.