О. Дөлгөөн
Чилийн төрийн өмчит уул уурхайн компани “Codelco”-ийн хамгийн том зэсийн уурхай болох El Teniente-д гарсан ослоос хойш багагүй хугацаа өнгөрсний дараа газар доорх олборлолт болон хүдэр боловсруулах үйл ажиллагаагаа аажмаар сэргээж эхэллээ.
Codelco-ийн мэдээлснээр, өнгөрсөн амралтын өдрүүдэд тус компани уул уурхай болон хөдөлмөрийн аюулгүй байдлын холбогдох байгууллагуудаас аюулгүй гэж дүгнэсэн газрын доорх найман хэсэгт олборлолтыг, мөн хайлуулах үйлдвэрийн үйл ажиллагааг дахин эхлүүлжээ. Харин 7 дугаар сарын 31-нд нуранги үүссэн бүсийн ойролцоох дөрвөн бүсэд мөрдөн шалгалт үргэлжилж буй тул одоогоор хаалттай хэвээр байна.
“Одоогоор нээгдээд буй эдгээр найман олборлолтын бүс нь нийт уурхайн 82%-ийг бүрдүүлж байгаа бөгөөд үйл ажиллагаа аажмаар бүрэн сэргэх төлөвтэй байна” хэмээн Уул уурхайн сайд Аурора Вильямс даваа гарагт Radio ADN-д өгсөн ярилцлагадаа онцоллоо.
Энэхүү сэргэлт нь үйлдвэрлэлийн уналттай жилүүдийн дараах сэргээн босголтын үе шатандаа орж буй Codelco компанид томоохон дэмжлэг болж байна. Гэвч хаалттай байгаа хэсгүүд нь ирээдүйн олборлолтод чухал ач холбогдолтой шинэ ордууд бөгөөд үйлдвэрлэлд урт хугацаанд сөргөөр нөлөөлж болзошгүй.
Пүрэв гарагт /2025.08.06/ Прокурорын газар мэдээлэхдээ, Codelco-гийн урьдчилсан тооцооллоос тав дахин их буюу 3,700 метр хонгил гэмтсэн нь шалгалтаар тогтоогдсон хэмээсэн юм.
Эх сурвалж: mining.com