Ч. Сансар
Трампын засаг захиргаа уналтад орсон нүүрсний салбараа сэргээхийг оролдож байна. Харин нүүрсний хэрэглээ аажмаар буурах хандлагатай байгааг өнөөгийн зах зээл харуулж байна. Хэдийгээр одоогийн ерөнхийлөгч Америкийн нүүрсний салбарын хөгжлийг эрчимжүүлэх тухай тогтоолд гарын үсэг зурсан ч, шинээр баригдаж буй нүүрсний цахилгаан станц байхгүй байна. Нийтийн аж ахуйн үйлчилгээний компаниуд үнэ ханш, үр ашгаа тооцоолсоны үндсэн дээр сэргээгдэх эрчим хүч, батарей хуримтлуурын станц, байгалийн хий, цөмийн станц зэрэг эрчим хүчний бусад эх үүсвэрийг сонгож байна.
Дотоодын нүүрсний салбар аажмаар хуучирч байгааг үгүйсгэх аргагүй. "21-р зуунд АНУ-д хаагдсан нүүрсний цахилгаан станцуудын тоо шинээр ашиглалтад орсон станцуудаас зургаа дахин их байна" гэж Ройтерс агентлаг мэдээлэв. АНУ-ын нүүрсний салбар хорин жилийн өмнө оргилдоо хүрсэн гэдэгтэй шинжээчид санал нэг байна. Одоо бол байгалийн хий, нарны эрчим хүчний үнэ буурч, Америкийн нүүрсний салбар өрсөлдөх чадвараа алдаж байна.
Харин хаагдсан нүүрсний үйлдвэрүүдийг ашиглах боломж гарч магадгүй гэж эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд үзэж байна. Стэнфордын их сургуулийн эрдэмтэд ашиглалтаас гарсан нүүрсний станцуудыг эрчим хүч хуримтлуулах байгууламж болгох дээр ажиллаж байна.
Эрдэмтэд хуучин нүүрсний станцуудын талбайд овоолсон шороонд дулааны эрчим хүчийг хадгалах саналтай байна. "Ихэнх шороонд цахиурын давхар исэл, хөнгөн цагаан исэл зэрэг байгалийн халуунд тэсвэртэй материалууд ордог" гэж New Scientist мэдээлэв. Шороон овоолго нь ойролцоогоор 6000С температурыг хадгалах боломжтой. Жишээ нь сэргээгдэх эрчим хүчний станцуудын үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг шороон овоолгод дулаан хэлбэрээр хадгалах боломжтой. Шаардлагатай үед дулааны энергийг уур болгон хувиргаж, энэ уур нь турбиныг эргүүлж, цахилгаан үйлдвэрлэнэ.
Финляндад ижил төстэй хоёр батарей аль хэдийн ажиллаж, Финландын хотуудыг эрчим хүч, дулаанаар хангаж байгаа. Гол ялгаа нь дулааныг шороонд биш, элсэнд хуримтлуулдаг.
Батарей хуримтлуурын станцын үйл ажиллагааны зардал нь маш бага. New Scientist сэтгүүлийн мэдээлснээр "шороо нь лити батарей эсвэл устөрөгч гэх мэт эрчим хүч хуримтлуулдаг бусад материалаас хамаагүй хямд үнэтэй, олдоц сайтай, өргөн тархсан түүхий эд" гэжээ.
Өөр нэг давуу тал гэвэл хаагдсан нүүрсний станцуудыг эрчим хүч хуримтлуулах төв болгон ашиглавал тухайн орон нутагт ажлын байрууд шинээр бий болж, татварын орлого нэмэгдэж, эцэст нь цэвэр эрчим хүч рүү шилжих үйл явцыг улам эрчимжүүлэх юм.
Хэрэв эрчим хүч хуримтлуулах төслүүдийг зөв хэрэгжүүлбэл орон нутгийн эдийн засгийн томоохон асуудлуудыг түр зуур аргалах бус, бодитоор шийдэж чадна. 2022 оны байдлаар батарей хуримтлуурын зах зээл 198.8 тэрбум ам доллараар үнэлэгдэж байсан. Allied Market Research судалгааны компани уг зах зээлийн үнэлгээ 2023-2032 оны хооронд жилд 5.2%-иар өсөж, 2032 онд 329.1 тэрбум долларт хүрнэ гэж тооцоолжээ.
Эрчим хүчний хуримтлуур нь эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэхэд тусалдаг учир ач холбогдол нь улам нэмэгдэнэ. Хуримтлуулах станц байгуулах нь цэвэр эрчим хүч рүү шилжих чухал алхам тул энэ нь ирээдүйд “цэвэр эрчим хүчний их наяд долларын үнэ цэнэтэй бизнес” болох төлөвтэй байна.
Эх сурвалж: oilprice.com