Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Алтны үнэ өссөн ч хайгуулын зардал буурсан хэвээр байна

О. Дөлгөөн

Сүүлийн жилүүдэд алтны үнэ тогтвортой өссөн хэдий ч, алт олборлох салбарын нөөц нь голчлон өмнө нь илэрсэн ордуудаас хамааралтай хэвээр байгааг S&P Global (Standard & Poor's Global) жилийн тайландаа онцолжээ.

S&P Global-ийн алтны нээлтийн мэдээллийн санд дурдсанаар, 2024 онд алтны салбарт гурван шинэ томоохон орд илэрсэн бөгөөд үүний үр дүнд дэлхийн алтны нийт бүртгэлтэй нөөц (нөөц, баялаг, өмнөх олборлолт багтсан) 353 ордод нийтдээ бараг 3 тэрбум унцад хүрсэн байна.

Энэхүү үзүүлэлт нь 2023 оны 350 ордны 2.9 тэрбум унц нөөцтэй харьцуулахад 3%-иар буюу 82 сая унцаар өссөн үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч 2023–2024 онд нэг ч шинэ томоохон орд илрээгүй бөгөөд 2020 оноос хойш ердөө зургаан том орд шинээр илэрч, нийтдээ 27 сая унцийн нөөц, баялаг нэмэгдсэн байна.

Гол шалтгаан нь хайгуулын төсөв буурсантай холбоотой. Дэлхийн хэмжээнд ашигт малтмалын хайгуулын зардал 2023 онд 15%, 2024 онд дахин 7%-иар буурч, 2017 оноос хойш үргэлжилсэн өсөлтийн үе ийнхүү тасалджээ. Бууралтын гол шалтгаан нь жижиг ("жуниор") компаниудын хөрөнгө оруулалт хумигдсан явдал бөгөөд энэ нь хүүгийн түвшин өсөж, санхүүжилтийн нөхцөл хүндэрсэнтэй холбоотой. Алтны үнэ өссөн ч энэ нь хайгуулын идэвхийг нэмэгдүүлэхэд дорвитой нөлөө үзүүлээгүй байна.

Төсөв буурсан төдийгүй, нийт хайгуулын зардлаас анхан шатны буюу "grassroots" хайгуулд ногдох хувь улам цөөрсөөр байгаа бөгөөд 2024 онд ердөө 19% болж буурсан нь 1990-ээд оны дунд үеийн 50%-тай харьцуулахад мэдэгдэхүйц уналт юм.

Энэ үзэгдэл нь нэг талаас хөрөнгийн эргэлтийн байгалийн жамаар хайгуулын шатнаас олборлолт руу шилжиж байгааг илтгэх ч, нөгөө талаас хайгуул эрхлэгч компаниуд сүүлийн хэдэн арван жилд илүү эрсдэлээс зайлсхийх хандлагатай болсон нь голлон нөлөөлж байгаа аж. 

Сүүлийн жилүүдэд шинээр илрүүлсэн ордуудын чанар ч мөн дордсон хандлагатай байна.  S&P-ийн мэдээлснээр, сүүлийн таван жилд шинээр нээгдсэн ордуудын дундаж хэмжээ 4.4 сая унц байсан нь өмнөх арван жилийн 7.7 сая унцтай харьцуулахад мэдэгдэхүйц буурсан үзүүлэлт юм. Түүнчлэн, сүүлийн 10 жилийн хугацаанд хийгдсэн аль ч нээлт нь түүхэн дэх хамгийн том 30 алтны ордын жагсаалтад багтаагүй байна.

Алтны үнэ унц тутамдаа 3,000 ам.доллароос дээш тогтвортой байвал ирэх жилүүдэд хайгуулын үйл ажиллагаа нэмэгдэх төлөвтэй байна. Гэсэн ч хайгуулын төсөв өссөн ч шинэ орд илрүүлэх үр дүн заавал нэмэгдэхгүй байж магадгүйг онцолжээ. Учир нь салбарынхан эрсдэл өндөртэй, өмнө нь судлагдаагүй бүс нутгуудад хөрөнгө оруулахыг төдийлөн хүсэхгүй байгаа бөгөөд үүний оронд аль хэдийн илэрсэн ордуудын нөөцийг нэмэгдүүлэхэд голчлон анхаарч байна.

Эх сурвалж: mining.com