Ч. Сансар
АНУ Төв Азийн орнуудтай чухал ашигт малтмалын худалдааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр байна. Гэвч Вашингтон зөвхөн ярьж байхад Хятад улс Төв Азийн ашигт малтмалын салбарт ноёрхохын тулд дорвитой ажиллаж байна.
АНУ-аас Казахстанд суух элчин сайдад нэр дэвшсэн Жюли Стюффт АНУ Төв Азийн чухал ашигт малтмалын салбарыг хөгжүүлэх сонирхолтой байгаа гэж дахин мэдэгдлээ.
"Манай эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой ашигт малтмалын бараг тал хувь нь Казахстанд байдаг. Миний гол зорилго бол энэ салбарт АНУ-ын хөрөнгө оруулалтыг татахад оршино" гэж тэрбээр хэлэв. Мөн тус бүс нутгийн ашигт малтмалын салбарт Хятадын нөлөөг хязгаарлах нь АНУ-ын гадаад бодлогын тэргүүн зорилго гэж тэрбээр нэмж хэлэв.
Төв Азийн орнууд уул уурхайн салбарын хөгжилд Америкийн оролцоог нэмэгдүүлэх, Хятадын нөлөөг хязгаарлах сонирхолтой байгаа билээ. Харамсалтай нь АНУ манай бүс нутагт дорвитой зүйл хийхгүй байна гэж Төв Азийн зарим албан тушаалтнууд чимээгүйхэн гомдоллодог.
Харин Хятад улс Төв Азийн уул уурхайн салбарт аль хэдийн хүчтэй байр суурь эзэлсэн бөгөөд байр сууриа бэхжүүлэхийн тулд эрчимтэй үйл ажиллагаа явуулж байна.
8-р сарын 6-нд Хятадын төрийн өмчит "Хятадын үндэсний алтны групп" корпораци Узбекистаны Уул уурхай, геологийн яамтай үнэт металл, чухал ашигт малтмалын салбарт геологи хайгуул хамтран гүйцэтгэх гэрээ байгуулав. Тус гэрээнд уул уурхайн хамтарсан үйлдвэр байгуулах, нэмүү өртөг өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дэвшилтэт технологи дамжуулах, боловсон хүчнийг сургах, ирээдүйтэй төслүүдийг сонгож санхүүжүүлэх зэрэг заалтуудыг тусгасан юм.
Долдугаар сарын сүүлчээр Узбекистан дахь Хятадын бизнес эрхлэгчдийн холбоо тус улсын “ногоон ашигт малтмал”-ыг олборлох 500 сая долларын хөрөнгө оруулалтын сан байгуулахыг санал болгов. Төлөвлөгөөнд хамтарсан судалгаа хийх, байгаль орчны нийтлэг стандартыг боловсруулах, боловсон хүчнийг сургах зэрэг ажлууд багтсан гэж Узбекистаны Уул уурхай, геологийн яамнаас гаргасан мэдэгдэлд дурджээ.
Мөн долдугаар сарын сүүлээр Узбекистаны удирдлагууд нийслэл Ташкент хотын ойролцоо төмөрлөгийн аж үйлдвэрийн парк байгуулах Хятадын саналыг судалж байгаагаа илэрхийлжээ. Төрийн “UzDaily” сонин “талууд холбогдох гэрээ байгуулах тал дээр ажиллах болно” гэж мэдэгджээ.
Хятадын компаниуд сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюун ухаан зэрэг Төв Азийн хурдацтай хөгжиж буй бусад салбаруудад ноёрхох алхмуудаа шуурхай хийж байна. Тухайлбал, долдугаар сарын 24-нд Узбекистаны Эрчим хүчний яам болон Шанхай хотын Linkwise Data Intelligence компани Бухар хотод 300 мегаваттын дата төв барих санамж бичигт гарын үсэг зурав.
АНУ тус бүс нутагт үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн ч критикал минералын салбарт Хятадтай өрсөлдөхөд хүндрэлтэй тулгарна гэж АНУ-ын зарим шинжээч үзэж байна.
"Төв Ази чухал ашигт малтмалын асар их нөөцтэй ч, АНУ тэр их баялгийг хялбархан ашиглаж чадна гэсэн үг биш. Дэд бүтэц, засаглал, газарзүйн байршил, геополитикийн нөхцөл байдал гээд АНУ-ын компаниудад олон сорилт тулгарна" гэж Атлантын Зөвлөлийн дөрөвдүгээр сард нийтэлсэн тайланд дурджээ.
"Төв Азийн критикал минералаас ашиг олохын тулд ашигт малтмалыг тээвэрлэх замыг хөгжүүлэх шаардлагатай. Зарим судалгаагаар чухал ашигт малтмалыг олборлож, экспортлоход 18.5 тэрбум евро шаардлагатай гэж тооцоолсон" гэж тус тайланд бичжээ.
Эх сурвалж: eurasianet.org