Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэд бүтцийн төслүүдтэй танилцаж, үр ашиг, төлөвлөлтөд анхаарах чиглэл өглөө

2025 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, УИХ-ын гишүүдийн хамтаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлж буй хоёр томоохон дэд бүтцийн төсөлтэй Өмнөговь аймагт танилцлаа. Үүнд: Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв (ТНАЛТ) болон нүүрс баяжуулах үйлдвэр багтсан юм.

Нүүрс ачих логистикийн төв (ТНАЛТ):
2021-2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүжилтээр баригдсан уг төв нь нүүрсийг галт тэргэнд шууд ачих замаар экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой стратегийн байгууламж юм. Гэвч ашиглалтад ороход техникийн доголдол гарч, бүрэн хүчин чадлаар ажиллах боломжгүй байгаа тул сайд Г.Дамдинням холбогдох байгууллагуудад асуудлыг яаралтай шийдвэрлэх үүрэг өглөө.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн байршлын асуудал:
Жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр 1 их наяд төгрөгийн өртгөөр ашиглалтад орсон ч байршлын оновчгүй төлөвлөлтөөс шалтгаалан тээвэр, дэд бүтцийн зардал өсөж, үр ашиг буурсан байна. Үйлдвэр уурхайгаас 12.5 км зайтай байрласан нь тээврийн зардлыг тонн тутамд 18,000 төгрөгт хүргэж байгаа бөгөөд конвейер ашигласан ч 6,000 төгрөгийн зардал гарах тооцоо гарсан байна. Мөн цахилгаан хангамжийн асуудал бүрэн шийдэгдээгүй хэвээр байна.

Сайд Г.Дамдинням төслийн байршил, зардлын үр ашгийг дахин нягтлан, төлөвлөлтөд анхаарч ажиллахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК болон холбогдох байгууллагуудад чиглэл болголоо.

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам