Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

АХБ-аас энэ онд Монгол төгрөгөөр гурав дахь удаагаа бонд гаргалаа

/Филиппин улс, Манила хот - 2025 оны 8 дугаар сарын 4/  Азийн Хөгжлийн Банк (АХБ) гишүүн орнуудын үндэсний мөнгөн тэмдэгтээр бонд гаргах хөтөлбөрөө амжилттай өргөжүүлсээр байна. Энэ хүрээнд 2025 онд Узбекистаны сум (UZS) болон Монголын төгрөг (MNT)-өөр нэрлэгдсэн бондуудыг тус тус гаргалаа.

2025 оны 6 дугаар сард АХБ Узбекистаны сум (UZS)-аар нэрлэгдсэн анхны бонд-оо гаргаж, нийт 312 тэрбум сум (ойролцоогоор 24.7 сая ам.доллар) татан төвлөрүүлжээ. 14.5 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай энэхүү бондын андеррайтераар Меррилл Линч Интернэшнл ажилласан. Бондоор босгосон хөрөнгийг Ташкент хотоос гадуур үйл ажиллагаа явуулж буй эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих зорилгоор ашиглана.

Үүнээс гадна, 2025 оны долдугаар сард АХБ Монгол төгрөгөөр нэрлэгдсэн гурав дахь бонд-оо гаргаж, нийт 30 тэрбум төгрөг (ойролцоогоор 8.4 сая ам.доллар) татан төвлөрүүллээ. Тус бонд нь 10.30 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай бөгөөд Стандарт Чартерд Банк андеррайтераар ажилласан. Хөрөнгө оруулалтыг Европын хөрөнгө оруулагчдад бүрэн хуваарилсан бөгөөд Монгол Улсад эмнэлгийн өргөтгөл хийх төсөлд зориулан зарцуулах юм.

АХБ-ны Нөөцийн удирдлагын захирал Тобиас Хошка “UZS-ээр нэрлэгдсэн анхны бонд нь АХБ-ны шинэ валютын зах зээлд хөл тавьсны илрэл боллоо. Харин MNT бонд нь Монгол дахь үндэсний валютын санхүүжилтийн зах зээл амжилттай хөгжиж байгааг харуулж байна” хэмээн онцоллоо.

АХБ нь бүс нутгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг дэмжихийн тулд гишүүн орнууд болон түншүүдтэй хамтран ажиллаж, санхүүгийн шинэлэг арга хэрэгсэл, стратегийн түншлэлүүдийг хэрэгжүүлэн ажилладаг.

Эх сурвалж: Asian Development Bank Mongolia