О. Дөлгөөн
Монголын эдийн засгийн форум 2025-ын хүрээнд “Чухал ашигт малтмал, нийлүүлэлтийн гинжин хэлхээ” сэдвийн дор хэлэлцүүлэг 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулагдав. Хэлэлцүүлгийн үеэр стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн нэр томьёо, хууль эрх зүйн зохицуулалт болон бодлого боловсруулах асуудлаар оролцогч талууд санал солилцлоо.
Хэлэлцүүлгийн модератороор “Сайн Моторс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батманлай ажилласан бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Туваан, АҮЭБЯ-ны Ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын газрын дарга С.Ган-Очир, “Erdenes Critical Minerals” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэн, “Азийн Батарей Металл” ХК-ийн гүйцэтгэх захирал З.Ган-Очир, “Ard Investment Group”-ийн ТУЗ-ийн дарга П. Батбаяр, Их Британийн Экспортын санхүүжилтийн газрын бизнес хөгжүүлэлтийн ахлах Кристофер Аллум нар оролцож, байр сууриа илэрхийлэв.
Хэлэлцүүлгийн эхэнд модератор Б.Батманлай олон улсын жишгээр чухал ашигт малтмалын ойлголт, төлөвлөлт, хууль эрх зүйн орчин аль хэдийн бүрдсэн талаар дурдлаа. Тэрбээр Монгол Улс энэ чиглэлээр хоцроогүй бөгөөд ойлголтоо нэгтгэх тал дээр тодорхой ахиц гарч байгааг онцлоод, эхний асуултаа УИХ-ын гишүүн Ц.Туваанд хандан тавив.
Б.Батманлай:
Яагаад “чухал ашигт малтмал” нь энэ удаагийн Эдийн засгийн чуулганы дэд сэдэв болтлоо чухал сэдэв болоод байна вэ? Энэ талаар байр сууриа хуваалцана уу.
Ц.Туваан: Нэн түрүүнд бид нэршлээсээ эхлэн анхаарах шаардлагатай. Монголчууд эртнээс нэрэнд онцгой ач холбогдол өгдөг, нүүдэлчин сэтгэлгээтэй ард түмэн. Нэршил нь зөвхөн мэдээлэл дамжуулахаас гадна хүний сэтгэл зүй, хандлагад хүчтэй нөлөө үзүүлдэг. Жишээлбэл, “цөмийн зэвсэг”, “атомын бөмбөг” зэрэг нэр томьёо нь айдас, түгшүүр төрүүлдэг бол “чухал ашигт малтмал” гэх мэт нэршил нь ховор, үнэ цэнтэй зүйл гэсэн сэтгэгдэл төрүүлж, иргэдийн хандлагад нөлөөлдөг.
Тухайлбал, “газрын ховор металл” гэх нэр томьёо нь “ховор” гэдэг үгтэйгээ хэт хамааралтай сонсогдож, олон нийтэд “энэ нөөцөө хадгалах ёстой, бүү ашигла” гэх сэтгэгдлийг төрүүлж байна. Гэтэл олон улсын жишгээр авч үзвэл, Австрали улс гэхэд чухал ашигт малтмалын жагсаалтдаа нийт 26 нэр төрлийн ашигт малтмалыг хамруулсан байдаг. Үүнд жонш, зэс зэрэг Монголд түгээмэл орших баялаг ч багтсан байдаг. Иймд “Critical Minerals”-ийг орчуулахдаа “чухал ашигт малтмал” гэхээс илүүтэйгээр “тэргүүлэх ач холбогдолтой ашигт малтмал”, “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал” эсвэл “нэн шаардлагатай ашигт малтмал” гэх мэт олон нийтэд илүү ойлгомжтой, бодитой ойлголт өгөх нэршлээр солих нь зүйтэй. Нэршлээс эхлэн зөв суурь ойлголт бий болгох нь бодлого боловсруулах, олон нийтийн дэмжлэг авахад чухал үүрэгтэй.
Хоёрдугаарт, чухал ашигт малтмалын жагсаалтыг хууль, эрх зүйн хүрээнд албан ёсоор тусгаж, тодорхой болгох шаардлагатай байна. Одоогоор энэ асуудал тодорхой эрх зүйн хүрээнд бүрэн баталгаажаагүй, түр зуурын бодлогын түвшинд авч үзэж байгаа нь ач холбогдлыг нь бууруулах, хэрэгжилтийг сулруулах эрсдэлтэй байна. Түүнчлэн, манай улсад “чухал ашигт малтмал”, “газрын ховор элемент”, “цацраг идэвхт бодис” зэрэг нэр томьёонуудын ялгаа сайн тодроогүй нь зарим тохиолдолд буруу хэрэглэгдэж, олон нийтийн дунд ойлголтын төөрөгдөл үүсгэх хандлага ажиглагдаж байна. Энэ нь зөвхөн ойлголтын хувьд төдийгүй бодлогын хэрэгжилт, гадаад хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Б.Батманлай:
“Erdenes Critical Minerals” нэгдлийн зүгээс энэ чиглэлээр тодорхой ажлууд хийгдсэн талаар дурдсан. Энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой юу?
Д.Тогтохсүрэн: Монгол Улс нүүрс, зэс, алт, хайлуур жонш зэрэг цөөн тооны экспортын бүтээгдэхүүнээр эдийн засгийнхаа үндэс суурийг бүрдүүлж ирсэн. Гэвч экспортын бүтээгдэхүүний төрөл хязгаарлагдмал байгаагаас эдийн засгийн эрсдэлүүд их гарч, тогтворгүй байдал үүсдэг. Тиймээс цаашид геологийн хайгуулыг үргэлжлүүлэн, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх нь зайлшгүй шаардлагатай.
Үүний дагуу Засгийн газраас өнгөрсөн оноос эхлэн критикал минералын чиглэлээр тодорхой бодлого боловсруулж, Европын Холбооны аргачлалыг үндэслэн эхний ээлжинд эдийн засгийн ач холбогдлоороо тэргүүлэх зэс, газрын ховор метал, литий, никель, вольфрам, бал чулуу, уран, магни, манган, хайлуур жонш зэрэг 10 төрлийн ашигт малтмалыг “чухал” ангилалд оруулахаар төлөвлөж байна. Эдгээрээс зэс, хайлуур жонш, вольфрам нь одоогоор боловсруулагдаж, экспортлогдож байгаа бол бусад ашигт малтмалын хувьд тодорхой хэмжээний нөөц тогтоогдсон ч боловсруулалт хийгдээгүй байна.
Тухайлбал, БНХАУ Критикал минералын 30 нэр төрлийн ашигт малтмалыг боловсруулж, зах зээлд тэргүүлж буй бөгөөд үүнд вольфрамын 81%, газрын ховор элементийн 77%, литийн 57%-ийг ганцаараа үйлдвэрлэн боловсруулдаг.
Иймээс Монгол Улс энэ бүс нутагт критикал минералын хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Олон улсын судалгааны байгууллагын дүгнэснээр сүүлийн 5 жилд Критикал минералын нийлүүлэлт 25%, эрэлт 50%-иар нэмэгдэх төлөвтэй байгаа нь энэ салбарт яаралтай арга хэмжээ авахыг шаарддаг.
Хэрвээ бид энэ чиглэлд яаралтай анхаарал хандуулахгүй бол дэлхийн хөгжил, зах зээлийн гол урсгалаас хоцрох өндөр эрсдэлтэй байна.
Б.Батманлай:
UKEF (Их Британийн Экспортын санхүүжилтийн газар)-ийн зүгээс ямар төрлийн дэмжлэг үзүүлж байна вэ? Мөн яагаад чухал ашигт малтмалыг онцлон авч үздэг вэ?
Кристофер Аллум: Манай байгууллага олон улсын төслүүдэд санхүүжилт, баталгаа олгох замаар дэмждэг. Их Британийг Монголтой харьцуулахад өөрийн гэсэн чухал эрдэс баялгийн нөөцгүй. Тиймээс манай засгийн газрын хувьд, хувийн хэвшлийн хувьд ч чухал ашигт малтмал маш чухал. Мөн ногоон шилжилттэй холбоотойгоор үндэсний стратеги, аюулгүй байдлын үүднээс эдийн засгийн өсөлтийг нөхцөлдүүлдэг гэдэг утгаараа чухал эрдэс баялгийн ач холбогдол улам бүр нэмэгдэж байна.
Иймд ханган нийлүүлэлтийн хувьд зөвхөн нэг зах зээлээс хамааралтай байх нь эрсдэлтэй гэж үзэж байгаа. Түүнчлэн боловсруулах хүчин чадлаа аваад үзсэн ч бид ханган нийлүүлэлтийн сүлжээгээ улам бүр төрөлжүүлэх сонирхолтой байна. Стратегийн эрдэс баялгийг хагас дамжуулагч, хиймэл оюун гэх мэт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд өргөн ашигладаг шүү дээ. Тиймээс үүнтэй холбоотойгоор Их Британи энэ чиглэлээр өөрийн стратеги бодлогоо боловсруулж байна.
Бид улсынхаа санхүүгийн баталгаа гаргадаг агентлагийн хувьд байгаль орчны тогтвортой байдлыг хангах болон хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон улсын тодорхой зохицуулалт, стандартуудыг баримтлах шаардлагатай байдаг. Санхүүгийн баталгаа олгохдоо байгаль орчны тогтвортой байдал, хүний эрхийн олон улсын стандартыг чанд баримталдаг.
Их Британийн чухал ашигт малтмалын жагсаалтад багтсан түүхий эдийн хувьд гадаадын компанитай санамж бичиг байгуулж, хөнгөлөлттэй зээл олгох боломжтой.
Жишээлбэл, 10.5 сая фунтийн гэрээний хүрээнд 100 мянган фунтийн баталгаа олгосон бөгөөд зээл нь хайгуул, олборлолт, боловсруулалтын бүх үе шатанд урт хугацаагаар олгогддог.
Б.Батманлай:
Хэрэв бид өөрсдийгөө гадаадын хөрөнгө оруулагчдын нүдээр харах аваас, чухал ашигт малтмалын салбарт Монгол Улс одоогоор ямар түвшинд хүрээд байгаа бол?
П.Батбаяр: Бид оройтоогүй ч эхлээд чухал ашигт малтмалын нэршлийг тодорхойлж, түүнд нийцсэн бодлого боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай. Одоогоор ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо хайгуулынхаас 1.5–2.5 дахин их байгаа нь хайгуул сул байгааг илтгэнэ. Тиймээс нөөцийг нарийвчлан тогтоож, эрэл хайгуулыг эрчимжүүлж, дараа нь олборлолт, баяжуулалтад шилжих нь зүйтэй.
З.Ган-Очир: Өнөөдөр хэрэгцээ нь аль хэдийн үүссэн түүхий эдүүдийн зах зээл дээр бид хоцорч байна. Жишээ нь, литийн зах зээл дээр үүссэн цочир хомсдолыг Австрали, Чили зэрэг улс ашиглан тэргүүлэгч байр суурь эзэлж байна. Мөн никелийн 70 гаруй хувийг Индонези дангаараа хангаж байгаа нь бидний боломжийг хэрхэн алдаж байгааг харуулж байна. Энэ мэтчилэн хугацаа өнгөрөх тусам бид боломжоо алдсаар байна гэсэн үг.
Тиймээс эхлээд чухал ашигт малтмалын жагсаалтыг гаргасны дараа ямар бодлогоор хэрхэн дэмжих вэ гэдэг нь хамгийн чухал. Энэ зах зээлд амжилттай орсноор геополитикийн хувьд Монгол Улс чухал байр суурь эзлэх боломжтой.
Түүнчлэн нөөцөө тогтоож, үйлдвэрлэлд шилжүүлэн баялаг болгох нь эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх давхар боломжийг нээж өгнө. Хэрэв бид дунд шатны боловсруулалт буюу mid-stream салбарт хөрөнгө оруулалтыг зөв бодлогоор татаж чадвал хамгийн их боломж бидний гарт байна.
Б.Батманлай:
Чухал ашигт малтмалын судалгаа, хайгуулын түвшин ямар байгаа вэ?
С.Ган-Очир: Монгол Улсад чухал ашигт малтмалын судалгаа, хайгуул хангалтгүй байна. 2006 онд батлагдсан “Ашигт малтмалын тухай хууль” тухайн үед критикал минералын асуудлыг тусгайлан зохицуулаагүй. Одоогийн хуульд ердийн болон түгээмэл тархацтай ашигт малтмал гэсэн хоёр ангилал байгаа нь критикал минералын онцлогт таардаггүй буюу эрэл хайгуул, олборлолтод хангалттай дэмжлэг үзүүлж чадахгүй байна.
Геологи судалгааны ажил дунджаар зөвхөн 40 хувьтай явагдаж, нөөц, ордын бүрэн зураглал дутмаг байна. Газрын ховор элементээс 8 орд бүртгэгдсэн ч ашиглах, боловсруулах ажил хангалтгүй байна.
Хэлэлцүүлгийн дараа оролцогч талууд санал дүгнэлт гаргаж,
1. Монгол Улсын чухал ашигт малтмалын нэршлийг зөв тодорхойлох, Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх
2. Критикал минералын хайгуул, олборлолт, боловсруулалтыг эрчимжүүлж, ордын нөөцийг нарийвчлан судлах
3. Хайгуулын лицензийн олголтыг ил тод, үр дүнтэй зохицуулж, ашигтай төслүүдийг дэмжих
4. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хууль эрх зүйн таатай, тогтвортой орчныг бүрдүүлэх
5. Нийлүүлэлтийн гинжин хэлхээг тогтвортой байлгах, олон улсын байгаль орчин, хүний эрхийн стандартуудыг чанд баримтлах.
6. Монгол Улс зах зээлд хоцрох эрсдэлтэй тул цаг алдалгүй бодлого хэрэгжүүлэх шаардлагатай талаар хэлэлцэж нэгдсэн дүгнэлт шийдэлд хүрчээ.