2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар Засгийн газраас томилогдсон Ажлын хэсгийн хамт “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтын явцтай биечлэн танилцлаа.
Уг төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салбарлан, Төв аймгийн Сэргэлэн сумын урдуур, “Чингис хаан” нисэх онгоцны буудлын өмнө дамжин Хөшигийн хөндийн “Тээвэр логистикийн бүс”-тэй холбогдох 102 км урт шинэ төмөр зам юм.
Багахангай өртөөний өргөтгөл буюу салаалах хэсгийн ажлыг инженер техникийн баг 2025 оны 6 дугаар сарын 10-наас 7 дугаар сарын 8-ны хооронд амжилттай гүйцэтгэсэн бөгөөд уг төслийн бүтээн байгуулалтын ажил идэвхтэй үргэлжилж байна.
Одоогоор дотоодын 70 гаруй компани, 2500 орчим инженер техникийн ажилтан, 1500 орчим техник, машин механизм ашиглан бүтээн байгуулалтын ажил 24 цаг тасралтгүй явагдаж байна. Бүтээн байгуулалтыг “Монголын төмөр зам” ТӨХК хариуцан, олон улсын стандарт, хууль тогтоомжийн дагуу барьж буй бөгөөд 2025 оны 9-10 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
Төслийн явцад далан байгуулах ажил 58.12%, ухмал хийх ажил 69.79%, гүүрийн ажил 65.4%-ийн гүйцэтгэлтэй, чанар стандарт шаардлагыг бүрэн ханган урагшилж байгаа аж.
Төслийн эхний шатны 87 км төмөр замыг барихад 850 орчим тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд уг хөрөнгө оруулалт нь дотоодын аж ахуйн нэгжүүдэд ашигтайгаар эргэж очих эдийн засгийн ач холбогдолтой юм. Хөрөнгө оруулалтаа 10 жилийн дотор нөхөж, Монгол Улсад нийт 294.8 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх тооцоо гарчээ.
Төмөр замын хүчин чадлын хувьд 2025-2027 онд жилд 3.5 сая тонн, 2028 онд 7 сая тонн, 2029-2030 онд жилд 15 сая тонн, 2031-2039 онд жилд 20 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой гэж тооцоолсон байна.
Мөн бүтээн байгуулалттай холбоотойгоор нийт 3000 орчим түр ажлын байр шинээр бий болж, төслийн үр дүнд 420 байнгын ажлын байр нэмэгдэх юм. Төслийн барилгын бүх шатанд үндэсний 70 гаруй компани оролцож байгаа нь Монголчууд өөрсдөө төмөр зам барих бүрэн чадамжтайг харуулж байна.
Энэхүү салбар төмөр зам нь улсын тээвэр логистикийн системийг өргөжүүлж, эдийн засгийн хөгжлийг дэмжих томоохон дэд бүтэц болж байна.
Эх сурвалж: Зам тээврийн яам