Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Трамп: АНУ зарим хагас дамжуулагч чипний импортод 100% тариф ногдуулна

О. Дөлгөөн

АНУ-д одоогоор үйлдвэрлэл явуулдаггүй, эсвэл ирээдүйд үйлдвэрлэхээр төлөвлөөгүй улс орнуудаас импортлогдож буй хагас дамжуулагч чипэнд ойролцоогоор 100 хувийн тариф ногдуулахаар төлөвлөж буйг Ерөнхийлөгч Дональд Трамп Мягмар гарагт /2025.08.05/ мэдэгдэв.

Тэрбээр Лхагва гарагт сэтгүүлчдэд өгсөн яриандаа уг шинэ тариф нь АНУ-д орж ирж буй бүх чип, хагас дамжуулагч бүтээгдэхүүнд хамаарах боловч АНУ-д хэдийнэ үйлдвэрлэл явуулдаг эсвэл үйлдвэрлэлийн шатандаа орсон компаниудад үйлчлэхгүй хэмээжээ.

Гэсэн хэдий ч энэ нь албан ёсны мэдэгдэл биш байсан бөгөөд Трамп дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Шинэ татвараар аль орны ямар төрлийн чипийг хамруулах нь тодорхойгүй хэвээр байна. Тайванийн “TSMC” компани нь АНУ-д үйлдвэртэй тул түүний гол үйлчлүүлэгч болох “Nvidia” зэрэг компаниуд нэмэлт татварын дарамтад өртөхгүй байх магадлалтай байна.

Nvidia компани ирэх дөрвөн жилд АНУ-д хагас дамжуулагч болон цахилгаан барааны үйлдвэрлэлд хэдэн зуун тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй гэж мэдэгдсэн ч тус компанийн төлөөлөгч энэ мэдээнд тайлбар өгөөгүй байна.

Хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Annex Wealth Management” компанийн тэргүүлэх эдийн засагч Брайан Жейкобсен,: “АНУ-д үйлдвэр байгуулах чадалтай, хөрөнгө ихтэй томоохон компаниуд хамгийн их ашиг хүртэнэ. Энэ бол “хамгийн хүч чадалтай нь л амьд үлдэнэ” гэсэн зарчмаар өрнөх өрсөлдөөн байх болно” хэмээн онцоллоо.

АНУ-ын Конгресс 2022 онд 52.7 тэрбум ам.долларын өртөг бүхий хагас дамжуулагчийн үйлдвэрлэл, судалгааг дэмжих хөтөлбөрийг баталсан. Тэгвэл Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа өнгөрсөн онд уг хөтөлбөрийн хүрээнд дэлхийн таван тэргүүлэх хагас дамжуулагч үйлдвэрлэгчийг АНУ-д үйлдвэр байгуулах шийдвэр гаргахад нь урамшуулж, дэмжлэг үзүүлсэн байна.

АНУ 2024 онд дэлхийн хагас дамжуулагч чипний үйлдвэрлэлийн ердөө 12 хувийг эзэлсэн нь 1990 оны 40 хувиас эрс буурсан үзүүлэлт аж. Чипэнд ногдуулах шинэ татвар нь голчлон Хятад улсыг онилох магадлалтай бөгөөд  АНУ, Хятад хоёр худалдааны гэрээний талаар одоо хүртэл тохиролцоогүй байгаа юм.

 “Петерсон” Олон улсын эдийн засгийн хүрээлэнгийн ахлах судлаач Мартин Чорземпа, “Чип үйлдвэрлэлд нөлөө бүхий томоохон хөрөнгө оруулалт АНУ-д  хийгдэж байгаа учраас энэхүү салбарын олон компани татвараас чөлөөлөгдөх боломжтой болно” гэжээ.

Мөн Хятадад үйлдвэрлэсэн чипнүүд татвараас чөлөөлөгдөхгүй учир SMIC болон Huawei-ийн бүтээгдэхүүнд ч гэсэн татвар ногдуулна гэж Чорземпа онцлов. Түүний хэлснээр эдгээр компанийн бүтээгдэхүүнүүд ихэвчлэн Хятадад угсарсан төхөөрөмжүүдэд ашиглагддаг.

Европын Холбооны  зүгээс автомашин, чип, эмийн бүтээгдэхүүн зэргийн экспортод ихэнхдээ 15 хувийн татвар ногдуулахаар тохиролцсон бол БНСУ, Япон тус тус АНУ-аас бусад улстай адил түвшний буюу ойролцоогоор 15 хувийн татвараас чөлөөлөх тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдэв.

Эх сурвалж: reuters.com