“Эрдэнэс Монгол” ХХК-иас Оманы Султант Улсын Хөрөнгө оруулалтын газрын төлөөлөгчдийг 2025 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад тус газрын Эдийн засгийн төрөлжилтийн хөрөнгө оруулалтын менежер Исса Аль Балуши, хоёрдугаар нарийн бичгийн дарга Аль Жуланда Аль Вавали нар оролцож, ашигт малтмал, эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалт болон хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцсон байна.
Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй 14 мега төслийн хүрээн дэх "Эрдэнэс Монгол" ХХК-ийн аж үйлдвэрийн салбарын онцлох төслүүдийг танилцуулж, хамтран ажиллах боломжуудыг дэлгэрэнгүй хэлэлцлээ.
Оманы Султант Улсын Хөрөнгө оруулалтын газар нь уул уурхай, ложистик, ногоон дэд бүтцийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд дээрх салбаруудад Монгол Улстай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлжээ.
Уулзалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хариуцлагатай уул уурхайн асуудал хариуцсан менежер Б.Энхтайван, Төслийн судалгаа, үнэлгээний газрын дарга Д.Батмөнх, Геологи, үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Ц.Төгсбуян, Хамтын ажиллагааны хэлтсийн менежер Т.Төрбадрах, Геологи, хайгуулын хэлтсийн менежер Ц.Оюунболд нар оролцсон байна.
Эх сурвалж: Erdenes Mongol