Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Оросын бензиний үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ

Т.Бямбанаран

ОХУ-ын дотоодын бензиний зах зээлд дарамт улам нэмэгдэж, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор экспортын онцгой хориг тавьсан ч бензиний үнэ түүхэн дээд хэмжээнд хүрээд байна. 2025 оны 8 дугаар сарын 4-нд Санкт-Петербургийн Олон улсын бараа, түүхий эдийн бирж (SPIMEX)-д АИ-95 маркийн бензиний үнэ тонн тутамд 77,000 рубль (946.6 ам.доллар)-ээс давжээ.

Үнэ огцом өсөх болсон гол шалтгаан нь Украины зүгээс 8 дугаар сарын 2-нд явуулсан дронын довтолгооны улмаас Оросын хэд хэдэн газрын тос боловсруулах үйлдвэр эвдэрч, сүйдэн боловсруулах хүчин чадлын хэмжээ нь өдөрт ойролцоогоор 40,000 тонн түүхий нефтээр буурсантай холбоотой. Энэ удаагийн довтолгоо Рязань, Пенза, Самара болон Воронеж муж дахь үйлдвэрүүдийг онилсон бөгөөд Рязаний үйлдвэр хамгийн их хохирол амсжээ. Үйлдвэрүүдийн засварын ажил нэг сараас зургаан сар хүртэл хугацаа шаардаж болзошгүй гэж салбарын эх сурвалжууд мэдээлсэн аж.

Москва шатахууны хомсдолоос сэргийлэх, үнийн өсөлтийг хязгаарлах үүднээс 7 дугаар сарын 28-нд бензиний экспортод хориг тогтоосон билээ. Уг хориг арга хэмжээ 8 дугаар сарын сүүл хүртэл үргэлжлэхээр болсон. Орос улс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дотоодын шатахууны нийлүүлэлтээ тогтвортой барихын тулд ийм төрлийн түр хугацааны хязгаарлалтыг хэд хэдэн удаа хэрэгжүүлж байсан.

Гэвч “Энэ хориг нь шатахууны хомсдолоос сэргийлж чадахгүй байж болзошгүй” хэмээн энэхүү экспортын хориг хэрэгжиж эхэлсний дараахан арилжаачид анхааруулж байв. Учир нь экспортын хэмжээ дотоодын хэрэглээтэй харьцуулахад хамаагүй бага тул тэдгээрийг дотоодын зах зээл рүү чиглүүлсэн ч нөлөө нь хязгаарлагдмал байх төлөвтэй байна.

Зах зээлийн оролцогчид төрийн зохицуулагч байгууллагууд газрын тосны компаниудад дотоодын зах зээлд борлуулах хэмжээг нэмэгдүүлэх, төлөвлөсөн засвар үйлчилгээний ажлыг хойшлуулах шахалт үзүүлнэ гэж хүлээж байна. Гэвч энэ арга хэмжээ ч зах зээлийн хүндрэлийг бүрэн шийдвэрлэж чадахгүй хэвээр байна. Учир нь дотоодын түлшний нөөц багассан, улирлын оргил хэрэглээ үргэлжилж буй, мөн газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн засварын ажил үргэлжилж байгаа нь нийлүүлэлт хомстох хүчин зүйлс болжээ.

Түүнчлэн, энэ зун Оросын дотоодын нислэгүүд байнга саатаж буй нь жуулчид авто замаар зорчиход хүргэсэн бөгөөд энэ нь бензиний хэрэглээг ердийн үеэс илүү нэмэгдүүлэх шалтгаан болсон аж. Нөөц багатай, хэрэглээ өндөр байгаа энэ нөхцөл байдал нь шатахууны хомсдол 9 дүгээр сар хүртэл үргэлжилж болзошгүй гэсэн болгоомжлолыг бий болгож байна.

Украины зүгээс Оросын шатахууны дэд бүтцэд хийж буй довтолгоо нь Москвагийн түлшний экспортын орлогыг хязгаарлах, армийнх нь хангамжийг тасалдуулах зорилготой. Сүүлийн үеийн дайралтуудын улмаас учирсан хохирол нь аль хэдийн эмзэг байсан дотоодын зах зээлийн тэнцвэрийг бүр ч ихээр алдагдуулжээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн засвар 2026 оны эхэн хүртэл үргэлжилж болзошгүй байгаа энэ нөхцөлд нийлүүлэлтийн хомсдол түргэн хугацаанд шийдэгдэх боломжгүй. 

Салбарын шинжээчдийн үзэж буйгаар бензиний үнэ наад зах нь 10 дугаар сар хүртэл өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй байна. Учир нь тухайн үеэс улирлын хэрэглээ буурч, Оросын дотоодын үйлдвэрүүдийн томоохон засварын ажил дуусна гэж үзжээ.

Эх сурвалж: oilprice.com