Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

ЗАСГИЙН ГАЗАР ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ГЭНЭТИЙН “БЭЛЭГ” БАРЬДАГГҮЙ, ЯРИЛЦАЖ, ХЭЛЭЛЦДЭГ ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЭХЭЭ АМЛАВ

 

 

Credits: The Mongolian Mining Journal

А.Халиун

Mонголын эдийн засгийн  чуулган-2025" үндэсний их баяр наадмын өмнө 7 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд боллоо. Эдийн засгийн чуулган нь Монгол Улсын Засгийн газар, бизнес эрхлэгч аж ахуйн нэгж болон олон улсын хөрөнгө оруулагчид нэг дор уулзаж, үр ашигтай төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, асуудлаа хэлэлцдэг томоохон талбар билээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга С.Бямбацогт болон салбарын сайд нар, төр, хувийн хэвшил, ТББ, олон улсын байгууллагын 3000 орчим төлөөлөгч оролцсон 16 дахь удаагийн форум "Маргаашийн төлөө хамтдаа" уриатай.

Гадаадын Томоохон зочид төлөөлөгчдөөс дурдвал CNN агентлаг, Ј.Р.Morgan, Meta, Tik Tok, The Asia Group, Швейцарийн алдарт Breitling, Дэлхийн банк, Европын Сэргээн босголт, хөгжлийн банк, Азийн Хөгжлийн банк, НҮБ- ын Цөлжилттэй тэмцэх Конвенц (UNCCD), Их Британийн Тээврийн яам, Их Британийн экспортын даатгалын агентлаг, БНСУ-ын Шилжилт хөдөлгөөний судалгаа, сургалтын төв зэрэг байгууллагын шийдвэр гаргах түвшний 500 орчим зочид төлөөлөгч, хөрөнгө оруулагч, Ивээн тэтгэгчид болон Монгол Улсад суугаа Элчин сайд нар оролцож, шинэ Засгийн газрын хөгжлийн бодлого хийгээд гол төсөл, хөтөлбөрүүдийн талаар тодорхой мэдээлэл авсан юм.

Credits: The Mongolian Mining Journal

Г.ЗАНДАНШАТАР: "МОНГОЛЫН МОДЕРНИЗАЦИ" ГЭХ ЦОГЦ ШИНЭЧЛЭЛИЙН ҮНДСИЙГ ТАВИНА

Монголын эдийн засгийн чуулган-2025 нь цаг хугацааны хувьд Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдаад нэг сар болоогүй байхад зохион байгуулагдаж таарав. Шинэ Ерөнхий сайд "Ойрх үед Монголын хүчирхэг оюун санаа сэрсэн байхыг би мэдэрлээ" хэмээх үгээр чуулганыг нээж, "Монголын их амар амгалан" буюу "Pax Mongolica"-г дурдаад орчин үед ч мөн адил гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад ээлтэй, тайван орчныг бий болгоно.

"Монголын Модернизаци гэх шинэчлэлийн бодлогын хүрээнд хүний хөгжил тэргүүн зэргийн чиглэл байх болно. Мөн Засгийн газрын шинэчлэл, уул уурхайн салбарын хөгжил, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, цахим шилжилт, ногоон эрчим хүч зэрэг чиглэлд төвлөрнө. Тиймээс энэ хүрээнд уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татах зөв бодлого хэрэгжүүлж, эдийн засгийг дэмжих, солонгоруулах зорилгоор бүтцийн өөрчлөлт хийнэ. Өөрөөр хэлбэл, "урьчхаад урдаг биш, залчихаад заамддаг биш," гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад ээлтэй байх зарчмыг бий болгоход энэ бүхэн чиглэж байгаа.

Дээрх зорилтуудаа "ABCD Predictable Framework" гэх зарчмын хүрээнд хэрэгжүүлнэ. Тодруулбал, "Accountability-driven" буюу ил тод, хариуцлагатай засаглал, "Business- focused" буюу бизнесийн орчны тогтвортой байдал, "Competitiveness- enhanced" буюу инновац ба өрсөлдөх чадвар, "Digital-based" буюу дижитал суурьт төр, үйлчилгээг хөгжүүлнэ. Эцэст нь, энэ бүхэн "Predictable" буюу хөрөнгө оруулагчдад гэнэтийн "бэлэг" барьдаггүй, урьдчилан таамаглаж болохуйц тогтолцоонд тулгуурлан явагдах болно. Энэ бол "Монголын Модернизаци" гэх цогт шинэчлэлийн үндэс юм. 

Түүнчлэн Ерөнхий сайд, Монголын эдийн засгийн тэргүүлэх бүтээгдэхүүн уул уурхай, газрын ховор элемент байх боловч хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч манай Засгийн газрын дараагийн том зорилтууд байх болно.

Монгол Улс эрчим хүчний арвин нөөцтэй. Нар, салхины эрчим хүчийг ашиглан 2600 гВт-ын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай гэж эрдэмтэд тооцоолдог. Тиймээс эрчим хүчний салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид ажлаа эхлээд байна. Тухайлбал, нарны зайн хураагуур болон нарны зайн эрчим хүч экспортлох хэмжээний төсөл хэрэгжиж, ирэх 8 дугаар сард нээлтээ хийх гэж буйг дуулгав.

Дараа нь 2 ч цахилгаан станц ашиглалтад оруулахад бэлэн болж байна. Мөн Эгийн голын усан цахилгаан станцын төсөл хэрэгжиж эхэлнэ. Эдийн засгийн бүтцэд өөрчлөлт оруулах, Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлсэн Энержетик Монголиа буюу “Эрчист Монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлж буйгаа онцлон танилцууллаа.

Мөн Хархорин хотыг бүтээн байгуулах ажлыг эхлүүлснээ дуулгаж, хөрөнгө оруулагчдыг чөлөөтэй, нээлттэй оролцохыг чуулганы индрээс уриалав. Хөрөнгө оруулагчдад хариуцлагатай, таатай орчныг бүрдүүлж, өрсөлдөх чадварыг хангаж, татварын таатай нөхцөлийг бүрдүүлэхээ Ерөнхий сайд амлаад, "Засгийн газар хөрөнгө оруулагчид, сюрприз гэнэтийн ярилцаж, бизнесийнхэнд барьдаггүй, тогтолцоог бүрдүүлнэ" гэлээ.

"Хувийн хэвшлийг дэмжиж, цогц шинэчлэл хийснээр ойрын 10 жилд эдийн засгийг 2 дахин өсгөх, ногоон бүсийг 2 дахин нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг өсгөх, эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, цахим шилжилтийг 2 дахин хурдасгах гэсэн “5D Стратеги”-т хүрч чадна. Бид хөрөнгө оруулагчдад ээлтэй улс гэж хэлдэг биш, харин хөрөнгө оруулагчид өөрсдөө тийнхүү ярьдаг болсон цагт Монгол Улсад бизнесийн эрүүл орчин бүрдлээ гэж үзэж болно" хэмээн онцлов.

Үргэлжлүүлэн Ерөнхий сайд Өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хамтарсан Засгийн газрын үед дэвшүүлсэн 14 мега төслийн хэрэгжилтийн явцыг товч танилцуулснаараа засаг солигдоход бодлого өөрчлөгдөх биш, төрийн бодлогын залгамж халаа тогтвортой үргэлжилдэг гэсэн мессэжийг хөрөнгө оруулагчдад өгч байв. Байгалийн баялгаараа дэлхийн эхний аравт эрэмбэлэгддэг Монгол Улсын хувьд харилцан үр ашигтай хөрөнгө оруулалтыг дэмжинэ хэмээн оролцогчдын асуултад хариулт өгч, байр сууриа илэрхийлж байв.

Сангийн сайд Б.Жавхлан форумын "Тодорхойгүй байдалтай нүүр тулах нь" буюу макро эдийн засагт нөлөөлөх хүчин зүйлсийн талаар салбар хэлэлцүүлэгт панелистаар оролцов.

Тэрбээр, "Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэчлэлийн 3 арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Мөн эдийн засгийн бүтэц, экспортыг төрөлжүүлж, эрсдэл даах эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорино. Үүний тулд, Санхүү, төсвийн удирдлагыг дээшлүүлж, төсвийн сахилга бат, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог хангаж, татварын шинэчлэлээр хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийг дэмжиж, эдийн засгийн өсөлтөө тэлнэ" гэв.

Credits: The Mongolian Mining Journal

"Монголын эдийн засгийн форум-2025" хоёр дахь олон улсын чуулганы өдөр /2025.07.09/ "Стратегийн нөөц, нийлүүлэлтийн гинжин хэлхээ" сэдэвт хуралдаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, "Эрдэнэс Монгол" нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт, Монголын МУУҮА-ийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл, Францын "Орана Майнинг" компанийн Монгол Улс дахь төлөөлөгч Оливье Тумир нар панелистаар оролцож, стратегийн нөөцийг ашиглах төрийн бодлого зохицуулалт, хууль эрх зүйн орчин болон олон улсын сайн жишиг загваруудын талаар ярилцав.

Г.ДАМДИННЯМ: УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН БҮРИЙН ОНЦЛОГТ ТОХИРСОН ЯЛГААТАЙ БОДЛОГО ЯВУУЛАХ ЁСТОЙ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, "Монгол Улс л зөвхөн байгалийн баялагтай гэсэн ойлголт өрөөсгөл юм. Дэлхийд манайхтай ижил төрлийн 80 гаруй улс бий. Тиймээс бусдаас ялгарах, онцлогтой бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай. Нэгдүгээрт, хаана нь ямар баялаг байгаагаа бүрэн мэдэх ёстой. Монгол Улсын эдийн засгийг тэтгэж буй өнөөдрийн томоохон уурхайнууд 1990 оноос өмнө хийсэн хайгуул, судалгааны үр дүнд бий болсон. Хайгуулын ажил олборлолтоосоо 10 жилийн өмнө явж дараагийн шинэ уурхай нээгдэж эдийн засгаа тэтгэх боломж бүрддэг. Гэвч манай улс хайгуулын салбараа хааж боосоор, нийгэм, эдийн засгийн эрсдэлийг өндөр түвшинд хүргээд байна. Тиймээс энэ салбарт ил тод байдлыг бий болгохын дээр, уул уурхайн бүтээгдэхүүн бүрийн онцлогт тохирсон ялгаатай бодлого явуулах ёстой" гэлээ.

Н.УЧРАЛ: ЭНГИЙН ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ МҮХАҮТ, ТҮҮНИЙ ДЭРГЭДЭХ МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДОД НЬ ШИЛЖҮҮЛНЭ

"Бизнест ээлтэй Монгол" салбар хуралдаанд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал оролцов. Тэрбээр, Монгол Улсын эдийн засгийн 93% нь уул уурхайгаас хамааралтай, түүн дотроо 50% нь нүүрснээс хамааралтай. Ийм нөхцөлд нүүрсний үнэ 30-40% буурахад төсвийн тодотгол хийж, төсвөө танах, төсвийн төлөвлөлтийг шинээр хийх нөхцөл үүсдэг

Бид зөвхөн хэмнэснээр үр дүнд хүрэхгүй, чөлөөт зах зээлийг давхар авч явах замаар бизнесийн эрх чөлөөг дэмжих чиглэлд бодлогоо хандуулж байж энэ хүнд үеийг давна. Хувийн хэвшлийнхний ажлын байрыг авч үлдэнэ. Төрийн анхан шатны байгууллагуудын хүнд суртал бизнест том дарамт болдог. Тиймээс Эдийн засаг, хөгжлийн сайдын хувьд төрийн зохицуулалтыг багасгаж, илүү чөлөөлөх, бие даан үйл ажиллагаагаа явуулах орон зайг бий болгохын төлөө ажиллана.

Үүний тулд МҮХАҮТ-тай хамтарч, Зөвшөөрлийн хуульд заасан энгийн зөвшөөрлүүдийг МҮХАҮТ, түүний дэргэдэх мэргэжлийн холбоодод нь шилжүүлж, хүнд суртлыг бууруулах зохицуулалт бүхий төслийг ирэх намрын чуулганаар УИХ-д өргөн мэдүүлнэ гэсэн юм.

Тус хэлэлцүүлгийн панелистаар нэг сонирхолтой зочин оролцсон нь Швейцарийн тансаг зэрэглэлийн цаг үйлдвэрлэгч Breitling компанийн Гүйцэтгэх захирал Жорж Керн. Breitling компани Улаанбаатар хотод анхны салбар дэлгүүрээ нээжээ.

Жорж Керн, "Монголд анх удаа ирж, Эдийн засгийн форумд оролцож буйдаа таатай байгаагаа илэрхийлээд, Монгол Улс 3.5 сая хүн амтай, Швейцарь улс 8 сая хүн амтай. Газар нутгийн хувьд Монгол Швейцариас 31 дахин том өргөн уудам газар нутагтай улс. Швейцарийг юу амжилттай болгож байна вэ? Швейцарьт түүхий эд гэж бараг байхгүй. Харин Монголд түүхий эд маш их. Швейцарьт зөвшилцлийн Засгийн газар 25 жил тогтвортой засаглаж байна. Засгийн газар саналаа Парламентаар хэлэлцүүлнэ, аливаа бодлого явуулахдаа ардчиллын зарчмаар ард иргэдээс санал асуулга авдаг. Улс орны хөгжлийн суурь асуудлуудаар жилдээ 3-5 удаа ард иргэдийн дунд санал асуулга явуулдаг. Засгийн газар ард иргэдийг тусгаарладаггүй. Тэгэхээр Швейцарь улсын хөгжилд ард иргэд шууд хувь нэмрээ оруулдаг гэсэн үг. Энэ механизм тогтвортой ажилладаг. Хоёрдугаарт, бизнесийн загварын талаар ярихад бид олон нийтэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй. Татва- рууд харьцангуй бага ч /ААН-ийн татвар 50% /, цалин урамшуулал маш өндөр. Тиймээс өндөр өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарал хандуулдаг" гэсэн юм.

Эдийн засгийн хөгжлийн төвийн Гүйцэтгэх захирал Д.Зоригт, “Манай улсын эдийн засагт төр давамгайлж байна. 30 жилийн өмнө ч тийм байсан, өнөөдөр ч хэвээрээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын /ILO/ 2023 оны статистикаар Монголд 770 мянга гаруй хүн төрийн байгууллага болон төртэй холбоотой ямар нэг байгууллагад ажилладаг гэсэн мэдээг олж харлаа. Гэтэл хувийн хэвшилд 550 мянга гаруй хүн ажилладаг. Өөрөөр хэлбэл эдийн засагт төр давамгайлж байна. Төрийн өмчит компаниудыг хувьчлах, засаглалаа сайжруулах зэрэг замаар үүнийгээ бид шийдэх ёстой. Төр бизнес эрхлэгчдэд дарамт болдоггүй, зах зээлд үйл ажиллагаа явуулах эрх чөлөөг олгох нь чухал байна” гэв.

Энэ жилийн Эдийн засгийн форумын үеэр "Уул уурхай ба Стратегийн нөөц” сэдэвт нэгдсэн хуралдаан, хот төлөвлөлт, тогтвортой байдал, тогтвортой олборлолт, бизнесийн таатай орчин зэрэг сэдвийн хүрээнд 12 салбар хуралдаан болон дугуй ширээний ярилцлагууд боллоо.

Хоёр өдөр үргэлжилсэн Эдийн засгийн форумын үеэр Засгийн газар хөрөнгө оруулагчдад ээлтэй, бизнес эрхлэгчид дарамт багатай, эрх чөлөөтэй ажиллах боломжийг бүрдүүлэн ажиллаж буйгаа Гүйцэтгэх засаглалын тэргүүнээс эхлээд салбарын сайд нар оролцсон хуралдаанууддаа хэлж, хөрөнгө оруулалт хийхийг урьж байв.