Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад чухал ашигт малтмалын нийлүүлэлтээр АНУ-д шахалт үзүүлж байна

О. Дөлгөөн

Газрын ховор ашигт малтмалууд нь гар утас, телевиз гэх мэт хэрэглээний цахилгаан бараанаас эхлээд сөнөөгч онгоцны хөдөлгүүр, пуужингийн удирдлагын систем, хиймэл дагуул, лазер зэрэг батлан хамгаалахын дэвшилтэт технологид өргөн хэрэглэгддэг. Хятад улс эдгээр чухал ашигт малтмалын экспортыг барууны батлан хамгаалахын салбарын үйлдвэрлэгчдэд хязгаарлалт тавьж эхэлснээр үйлдвэрлэлийн саатал үүсч, үнэ нь огцом нэмэгдээд буйг Wall Street Journal (WSJ) Даваа гарагт /2025.08.04/ мэдээлэв.

Дэлхийн газрын ховор элементийн нийлүүлэлтийн 90 гаруй хувийг Хятад дангаараа хянаж байгаа бөгөөд эдгээр нь сөнөөгч онгоц, дрон, пуужингийн систем зэрэгт ашиглагддаг стратегийн чухал түүхий эд юм.

WSJ-ийн мэдээлснээр, Хятадын Засгийн газар эдгээр ашигт малтмалыг экспортлохыг эсэргүүцэх, эсвэл удаашруулах арга хэмжээ авч байгаа бөгөөд экспортын үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор бүтээгдэхүүн, эсвэл үйлдвэрлэлийн шугамын зургийг "иргэний зориулалттай хэрэглээ"-г батлах баримт болгон шаарддаг журам нэвтрүүлжээ.

АНУ-тай ойрын хугацаанд худалдааны зарим зөвшилцөлд хүрсэн ч, уг шинэ хязгаарлалт үргэлжилж, зарим батлан хамгаалах үйлдвэрлэлийн компаниуд хямралд орсон байна. Мөн сөнөөгч онгоцны хөдөлгүүрт ашиглагддаг өндөр температурт тэсвэртэй соронзны үндсэн түүхий эд болох самариумын үнэ ердийн түвшнээсээ 60 дахин өсөөд байна.

Эдгээр хязгаарлалт нь Хятад улс дэлхийн чухал ашигт малтмалын нийлүүлэлтэд ноёрхож байгааг тод харуулж байгаа бөгөөд уг давуу байдлаа АНУ-тай хийж буй худалдааны хэлэлцээрүүдэд өөрт ашигтайгаар ашиглаж байна. Олон улсын эрчим хүчний агентлагаас энэ онд гаргасан үнэлгээнд дурдсанаар, Хятад улс 20 чухал ашигт малтмалаас 19-ийг нь боловсруулалтаар тэргүүлж байгаа бөгөөд дундаж зах зээлийн эзлэх хувь нь ойролцоогоор 70% байна.

Хятадын ноёрхлыг саармагжуулахын тулд АНУ-ын Батлан хамгаалах яам 2027 оноос эхлэн компаниудыг Хятадаас газрын ховор элемент-соронз худалдан авахаа зогсоохыг үүрэг болгожээ. Мөн нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх зорилгын хүрээнд дотоодын цорын ганц газрын ховор  элемент олборлогч болох “MP Materials” компанид сүүлийн үед томоохон хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд үүний зорилго нь урт хугацааны хэрэгцээг хангахын тулд соронзны дотоодын үйлдвэрлэлийг өргөжүүлэх явдал юм.

Эх сурвалж: mining.com