Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвд үүссэн асуудалд БЭТ-ийн баг шуурхай арга хэмжээ авч эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны 7 дугаар сарын 19-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбар уурхайд ажиллах үеэр Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв буюу “ТНАЛТ”-д үүссэн асуудалд онцгой анхаарал хандуулан, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг шуурхай арга хэмжээ авч эхэлжээ.

“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан, нүүрсийг их хэмжээгээр галт тэргэнд ачих зориулалттай төмөр замын тээврийн төв юм. Төслийг “Тавантолгой төмөр зам” ХХК захиалж, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь Интернэшнл” ХХК ажилласан бөгөөд 2021-2024 онд барилгын ажил хийгдэж, 2024 оны сүүлээр ашиглалтад оруулахад бэлтгэл ажлууд эхэлсэн байна. Гэвч зарим эвдрэл гэмтэл үүссэний улмаас төв бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй болсон байжээ.

Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг төслийн нөхцөл байдлыг дүн шинжилгээ хийж, шаардлагатай техникийн шийдлийг боловсруулан төвийг бүрэн ашиглалтад оруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Мөн хуулийн болон бусад асуудлыг шалгах үүрэг бүхий Хяналт шалгалтын баг газар дээр нь ажиллан гэмтэлтэй тоноглолуудыг баталгаажуулж, технологийн сайжруулалт хийх замаар үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байгаа юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн байгуулагдсан ажлын хэсгүүд “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь Интернэшнл” ХХК-ийн инженер, техникийн ажилтнуудыг оролцуулан ТНАЛТ-д дөрвөн удаагийн ажлын зураг авалт, туршилт хийжээ.

Хяналт шалгалтын баг төсөлтэй холбоотой бүх баримт материалыг судалж, эцсийн дүгнэлтийг гаргасны дараа хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулахаар ажиллаж байна. Онцгой дэглэмийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь санхүүжүүлэгчийн хувьд “Тавантолгой төмөр зам” ХХК болон ерөнхий гүйцэтгэгч “Бодь Интернэшнл” ХХК-уудтай хамтран асуудлыг шийдвэрлэх, үйлдвэрлэлийн бүтээмжийг сайжруулж, Ерөнхий сайдаас нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр өгсөн үүргийг биелүүлэхээр ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: Эрдэнэс Тавантолгой ХК