Т.Бямбанаран
БНЭУ Оросын нефтийг худалдан авсны улмаас АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгт “шийтгэл” ногдуулна хэмээн сүрдүүлсний дараа тус улсын нефть боловсруулах үйлдвэрүүд нөхцөл байдлыг зохицуулахаар ажиллаж байна. ОХУ-аас түүхий нефть тээвэрлэсэн дөрвөн танкер Баасан гарагт /2025.08.01/ Энэтхэгийн баруун эргийн ойролцоо тодорхойгүй байдалд орж, дараагийн шийдвэрийг хүлээн зогсож буйг “Bloomberg” агентлагийн хөлөг онгоц хянах системийн мэдээлэл харуулжээ.
Эдгээр дөрвөн танкерын гурав нь Европын Холбоо, Их Британийн хоригт өртсөн хөлгүүд бөгөөд 6 дугаар сард Оросын боомтуудаас хөдөлжээ. Одоогоор Энэтхэгт тулж ирээд буй эдгээр хөлөг онгоц баруун Энэтхэгийн гол нефть импортлогч боомтуудын ойролцоо хүлээж байгаа нь энэ юм. Тэд барууны орнуудын тавьж болзошгүй хориг арга хэмжээний хариуд Энэтхэгийн тал нефть боловсруулах үйлдвэрүүдэд тодорхой хариу, чиглэл өгөхийг хүлээж байна.
ОХУ бол Энэтхэгийн хамгийн том газрын тос нийлүүлэгч бөгөөд тус улс түүхий нефтийнхээ дийлэнхийг Оросоос авдаг онцлогтой. Харин одоо энэ нийлүүлэлтийн сүлжээ тасалдах эрсдэлтэй хэмээн үзээд Энэтхэгийн Засгийн газар нөхцөл байдлын нөлөөллийг тодорхойлохыг хичээж, уг нийлүүлэлтийг орлох эх үүсвэрийг олохоор судалж эхэлжээ.
Энэтхэгийн төрийн өмчит нефть боловсруулах томоохон үйлдвэрүүд энэ долоо хоногт Оросоос нэг ч баррель нефть худалдан аваагүй байгаа аж. Энэ нь дараах хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын нефтийг худалдан авагчдад хоёрдогч тариф ногдуулна хэмээн сүрдүүлсэн. Хоёрдугаарт, Москвагийн түүхий нефтийн хөнгөлөлт бусад хувилбартай харьцуулахад хумигдсан зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ.
Ерөнхийлөгч Трамп Лхагва гарагт мэдэгдэл хийхдээ, “2025 оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн АНУ руу экспортолж буй Энэтхэгийн бараа бүтээгдэхүүнд 25%-ийн татвар ногдуулна” гэжээ. Мөн Энэтхэг улс цэргийн техник хэрэгсэл болон газрын тосныхоо дийлэнхийг Оросоос худалдан авч буй тул “шийтгэл” хүлээнэ хэмээн онцолсон байна.
Дээрх сануулга бодитоор хэрэгжиж болзошгүй тул Энэтхэгийн нефть боловсруулах үйлдвэрүүд 8 дугаар сарын 1-нээс хойш Оросоос ирэх нефтийн урсгалыг хэрхэн зохицуулах талаар яаралтай чиглэл өгөхийг Энэтхэгийн Газрын тосны яамнаас хүссэн аж.
"Bloomberg"-ийн мэдээлснээр Энэтхэгийн эрх баригчид төрийн өмчит нефть боловсруулах компаниудад дараах чиглэлийг өгчээ. Тодруулбал, Оросын түүхий нефтийн нийлүүлэлт бүрэн зогсох эрсдэлийг харгалзан орлох эх үүсвэрүүдээс түүхий нефть нийлүүлэх бусад хувилбарыг боловсруулж танилцуулахыг даалгасан байна.
2022 онд барууны орнууд Оросын нефтийн худалдаанд хориг тавьсан билээ. Харин дэлхийн гурав дахь том түүхий нефть импортлогч Энэтхэг улс Оросоос авах импортоо тухайн үеэс хойш эрс нэмэгдүүлсэн. Одоогийн байдлаар ОХУ нь Энэтхэгийн нефтийн нийт импортын ойролцоогоор гуравны нэгийг бүрдүүлж, хамгийн том нийлүүлэгч нь болоод байгаа юм.
Хэрвээ Энэтхэг Оросын нефть худалдан авалтаа бүрэн зогсоовол дэлхийн түүхий нефтийн урсгалд ихээхэн өөрчлөлт гарч, бусад томоохон импортлогчдын худалдан авалтын стратегид нөлөөлөх бөгөөд Энэтхэг Ойрх Дорнод, АНУ, Баруун Африкаас хангалтыг нэмэгдүүлэх шаардлагатай болно.
Хэрэв Энэтхэг Оросын нефтийг худалдаж авахаа зогсоовол дэлхий дахины нефтийн урсгал төдийгүй гол импортлогч орнуудын худалдан авах төлөвлөгөөнд ч эрс өөрчлөлт орно. Учир нь Энэтхэг бол дэлхийн хамгийн том газрын тос импортлогчдын нэг бөгөөд газрын тосны хэрэгцээгээ хангахын тулд Ойрх Дорнод, АНУ болон Баруун Африкаас илүү их хэмжээний нийлүүлэлт татах шаардлагатай болно. Ийнхүү дэлхийн нефтийн зах зээлийн нийлүүлэлтийн гинжин хэлхээ ихээхэн өөрчлөгдөнө.
Эх сурвалж: oilprice.com