О. Дөлгөөн
Рио Тинто компанийн “Western Range” нэртэй, жилдээ 25 сая тонн төмрийн хүдэр олборлох шинэ ил уурхай 2025 оны 6 дугаар сарын 6-нд албан ёсоор нээлтээ хийсэн билээ. Гэвч “Western Range” бол шинэ өсөлтийн эхлэл биш. Зүгээр л одоогийн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хадгалах зорилготой төсөл юм.
Дэлхийн хамгийн их төмрийн хүдэр олборлодог Пилбарагийн бүс нутагт Рио Тинто компани хуучин ордуудыг шинээр солих замаар үйлдвэрлэлээ тогтвортой хадгалж байна. Энэхүү салбар нь Австралийг 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас аврахад тусалж, олон тэрбумтныг төрүүлж, Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарыг тэтгэсээр ирсэн. Гэвч одоо энэ салбарын өсөлт зогсонги байдалд оржээ.
Лхагва гарагт /2025.07.30/ Рио Тинто компани сүүлийн таван жилд анх удаа хагас жилийн хугацаанд хамгийн бага ашигтай ажилласнаа зарлав. Төмрийн хүдрийн үнэ буурсан нь салбарыг унагаагүй ч асуудал нэмэгдэж, өмнөх шигээ их ашиг олоход саад учруулж байгаа юм. Австралийн эдийн засгийг өөд нь татаж ирсэн ган үйлдвэрлэлийн гол түүхий эд болох төмрийн хүдрийн давуу байдал алдагдаж, хүдрийн чанар муудаж, ашиг нь багасаж, олон арван жилийн турш ашиг авчирсан их ордууд аажмаар дуусч байна.
Калифорни мужаас ч том хэмжээтэй Пилбарагийн бүс нутаг нь Япон руу анхны тээвэрлэлтээ хийснээс хойш бараг 60 жилийн турш дэлхийн төмрийн хүдрийн худалдааны гол эх үүсвэр байсаар ирсэн. Салбарын хөгжил удаашрах тухай анхааруулга өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа гарч байсан ч, олборлогч компаниуд удаа дараа тэсч үлдсэн юм.
Төмрийн хүдрийн эдийн засгийн ач холбогдлыг орлох тодорхой шинэ салбар байхгүй байгаа нь Австрали улсын хувьд нөхөж болшгүй орон зай үүсгэж байна.
Хятадын Австралиас авах төмрийн хүдрийн эрэлт оргил цэгтээ хүрч байгаатай зэрэгцэн, Австралийн засгийн газар 2027 он гэхэд хүдрийн үнэ тонн тутамд 74 ам.долларт хүрч, сүүлийн таван жилийн дундаж үнээс ойролцоогоор 40%-иар буурна гэж тооцоолж байна. Энэ нь төрийн төсөвт хүчтэй цохилт өгөх бөгөөд зөвхөн дараагийн хоёр жилд уг салбараас орох орлого 19 тэрбум австрали доллар (ойролцоогоор 12.2 тэрбум ам.доллар)-аар буурах төлөвтэй. Үүнээс гадна, төмрийн хүдрийн олборлолтын хэмжээ ердөө гурван жилийн дотор оргил цэгтээ хүрнэ гэж үзэж байна.
Энэ нь Австралийн орлогын өсөлтийн тал орчим хувийг эхний хорин жилд хангаж ирсэн салбарын хувьд эрс буурсаныг илтгэж байна гэж “Westpac” банк үзжээ. Үйлдвэрлэлийн бүтээмжийг шинэчлэн сайжруулахгүй л бол “уул уурхайн ашгийн хуваарилалт” дуусах ба ингэснээр дараагийн арван жилд Австраличууд тус бүр 75,000 Австрали долларын орлогоо алдах эрсдэлтэй гэж тус банкны ахлах эдийн засагч Пат Бустаманте 7 дугаар сард гаргасан тайланд дурджээ.
Төмрийн хүдэр одоо ч Австралийн эдийн засгийн 4%-иас дээш хувийг бүрдүүлж, муж болон холбооны засгийн газрын төсвийн гол тулгуур хэвээр байна. Гэхдээ хүдрийн чанар буурч байгаатай холбоотойгоор олборлолтыг тогтвортой байлгах, шинэ орд газрын хайгуулд хөрөнгө оруулах нь улам бүр хэцүү, зардал ихтэй болжээ. Үүний зэрэгцээ, гангийн үйлдвэрүүд хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулах шаардлагатай тулгарч, нүүрстөрөгч багатай, өндөр агууламжтай хүдрийн эрэлт эрс нэмэгдэж байна. Харин ийм төрлийн хүдэр нь одоо Австралиас бус, гадаадын шинэ олборлолтын бүс нутгуудаас илүүтэй нийлүүлэгдэж эхэлжээ.
Баруун Африкт байрлах Гвиней улсын удаан хугацаагаар хойшлогдож байсан “Simandou” төслийн олборлолт эцэст нь эхлэх шатандаа ирээд байна. Уг төслийг Рио Тинто болон Хятадын төрийн өмчит хөрөнгө оруулагчид хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд анхны тээвэрлэлт нь энэ оны эцсээр хийгдэхээр төлөвлөгдөжээ. “Simandou” нь дэлхийн хамгийн өндөр чанартай, ашиглагдаагүй төмрийн хүдрийн нөөц бүхий бүсүүдийн нэг бөгөөд 100 гаруй километр газар нутгийг хамардаг. Уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах үедээ жилд 100 сая тонноос давсан хүдэр олборлох тооцоотой байна.
"Fortescue" компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Эндрю Форрест бол салбартаа ногоон технологийг хамгийн хүчтэй дэмжигчдийн нэг бөгөөд хэрвээ Австрали дэлхийн өөрчлөгдөж буй эрэлтэд нийцэж чадахгүй бол Пилбара “хаягдсан нутаг” болж мэднэ гэж анхааруулсан. Харин одоогоор Рио Тинтогийн төмрийн хүдрийн нэгжийг удирдаж байгаа, ирэх сарын 25-нд гүйцэтгэх захирлаар томилогдох Симон Тротт илүү өөдрөг байр суурьтай байгаа бөгөөд энэ бүс нутгийг ирээдүйд олон үеийн турш эдийн засгийн тулгуур хэвээр үлдэнэ гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: mining.com