Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Зэсийн үнэ 20%-иар буурлаа

П. Жаргалсүрэн

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэр зэсийн зах зээлд томоохон доргилт авчрав. Тэрээр зэсийн хамгийн өргөн хэрэглэгддэг, боловсруулсан зэсийг импортын татварын жагсаалтаас хассан нь Лхагва гарагийн үдээс хойш олон улсын зах зээл дээр зэсийн үнийг 20%-иар буурахад хүргэлээ.

Цагаан ордноос мэдээлснээр, тариф нь зэсийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон зэсийн агууламж өндөртэй эрчим хүч болон барилгын байгууламжийн зориулалттай эд ангиудад хамаарахаар болсон байна.

Үүнээс өмнө АНУ-д зэсийн үнэ Лондоны биржийн жишиг ханшнаас 28%-иар өндөр байснаас үүдэн бүх төрлийн боловсруулсан зэсийн импортод татвар ногдуулах магадлалтай гэж таамаглаж байв. 

2025 оны 7 дугаар сарын зэсийн үнэ

Энэхүү шийдвэр нь АНУ-ын Ерөнхийлөгч Трампын зэсийн зах зээлд нөлөөлсөн сүүлийн гэнэтийн алхам болж байна. Энэ оны эхээр тэрээр зэсийн импортод татвар ногдуулах асуудлаар шалгалт эхлүүлсэн бөгөөд үүний улмаас АНУ-ын дотоод зах зээл дээрх зэсийн үнэ дэлхийн бусад бүс нутгаас өндөр байсан нь ханшийн тэгш бус байдлыг бий болгож байв. Үүний улмаас олон улсын нийлүүлэгчид татвараас өмнө зэсийг АНУ руу хурдан нийлүүлэх өрсөлдөөнд орсон юм.

Хэдхэн долоо хоногийн өмнө Трамп 50%-ийн татвар ногдуулах төлөвлөгөө танилцуулсан нь зах зээлд оролцогчдын хүлээлтээс хоёр дахин өндөр байсан бөгөөд үүний улмаас зэсийн үнэ шинэ дээд амжилт тогтоон дахин өсөв.

Шинжээчдийн үзэж байгаагаар боловсруулсан зэсийг гаалийн татвараас чөлөөлсөн нь тус металлын дэлхийн худалдааны урсгалыг улам дордуулж болзошгүй юм. Сүүлийн саруудад АНУ руу их хэмжээгээр зэс нийлүүлсний улмаас бий болсон нөөц дахин экспортлогдох магадлалтай.

Тарифын бодлогод цэвэршүүлсэн металл болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг ялгах шийдвэр нь зэсийн салбарынхны лоббигийн үр дүн бөгөөд зарим гол тоглогчид АНУ-д дотооддоо зэсийн нийт хэрэглээг хангахуйц боловсруулах хүчин чадал одоогоор хангалтгүй гэж үзэж байна.

Цагаан ордноос мэдээлснээр, зэсийн импортод ногдуулах тариф нь автомашины импортод ногдуулдаг татвартай давхардахгүйгээр тусдаа хэрэгжинэ.

Эх сурвалж: mining.com