Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ-ын цахилгаан автомашины үйлдвэрлэл хүндхэн сорилтуудтай нүүр тулаад байна

Credits: Oilprice

Т.Бямбанаран

Трампын засаг захиргаа Байденын бодлогын цөөнгүй хэсгийг цуцална гэж удаа дараа мэдэгдсээр ирсэн. АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байдены уг бодлогод цахилгаан автомашины хэрэглээг дэмжих арга хэмжээнүүд ч багтаж байгаа юм. Улс төр, бодлогын орчин өөрчлөгдөж буйтай холбоотойгоор “BloombergNEF” судалгааны байгууллага АНУ дахь цахилгаан автомашины борлуулалтын ойрын болон урт хугацааны таамаглалуудыг түүхэндээ анх удаа бууруулсан бол дэлхийн бусад бүс нутагт уг салбарын өсөлт үргэлжилсээр байна.

АНУ-ын бодлого өөрчлөгдсөнөөр цахилгаан автомашины салбар хохирч байна. Өмнө нь тус улсын засгийн газар цахилгаан машин үйлдвэрлэл, борлуулалтыг дэмждэг байсан бол одоо энэ дэмжлэгүүдийг хүчингүй болгож эхэлжээ. Үүний улмаас зах зээл дээрх эрэлт багасаж, “BloombergNEF” тус улсын 2030 он хүртэл худалдаалагдах цахилгаан автомашины урьдчилсан тоог 14 саяар бууруулсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цахилгаан автомашиныг дэмжих төрийн бодлогуудыг хүчингүй болгож байгаагаас үүдэн улс нь уг салбарт дэлхийн бусад орноос хоцрох эрсдэлтэй тулгарчээ.

Үүний нөлөөгөөр, цахилгаан машины батарей үйлдвэрлэн АНУ-д нийлүүлдэг компаниуд борлуулалт буурна гэж үзэн шинэ хэрэглэгчид хайж эхэлжээ. Ингэхдээ тэд  цахилгаан эрчим хүч хадгалах батарейн үйлдвэрлэлд анхаарлаа хандуулж байна. Томоохон мэдээллийн төвүүд, тухайлбал “Google”, “Amazon”, “Meta” зэрэг нь их хэмжээний цахилгаан хэрэглэдэг тул эрчим хүчний баталгаат нөөцтэй байх нь чухал.

Иймээс “General Motors” (GM), LG зэрэг компаниуд цахилгаан машинд зориулагдаж байсан батарейн үйлдвэрлэлээ эрчим хүч хадгалах технологид шилжүүлж, шинэ зах зээлд дасан зохицохоор ажиллаж буй.

Хиймэл оюун ухаан асар их хэмжээний эрчим хүч хэрэглэдэг. Энэ нь цахилгаан сүлжээнд их ачаалал өгч байгаа бөгөөд нөөц эрчим хүчийг хадгалах шийдэл буюу батарей нэн эрэлттэй болжээ.

Тухайлбал, “Tesla” компани дан ганц автомашин бус эрчим хүч хадгалах төхөөрөмж ч мөн үйлдвэрлэдэг. Тэгвэл тус компанийн орлого нь 2024 онд 67%-иар өсөж, 4 тэрбум ам.долларт хүрсэн билээ.

“GM” компани цахилгаан автомашины хуучин болон шинэ батарейг зүгээр хаяхын оронд дахин ашиглах шийдэл хайж байна. Тэд үүний тулд “Redwood Energy” компанитай хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн. Энэхүү санаачилга нь батарейг зөвхөн автомашинд ашиглаад дуусгах биш, сэргээгдэх эрчим хүчний системд дахин ашиглах боломжийг нээж байна.

Жишээлбэл, салхи эсвэл нарны эрчим хүчний эх үүсвэрүүд зарим үед тооцоолсноос давсан их эрчим хүч үйлдвэрлэдэг. Энэ илүүдлийг батарейд хуримтлуулаад, дараа нь цахилгаан сүлжээ, эсвэл мэдээллийн төвүүдэд түгээх боломжтой.

Цахилгаан автомашин элэгдэн, хуучирснаар түүний батарейн цэнэг барих чадвар нь багасдаг. Гэхдээ бүрэн ашиглагдаж дууссан гэсэн үг биш. Ийм учраас “суусан” батарейг дахин ашиглах нь нэг талаас батарейн хог хаягдлыг багасгаж, нөгөө талаас эрчим хүч хадгалах зардлыг бууруулах байгаль орчны ээлтэй шийдэл гэж дэлхий дахин үзэх боллоо.

Эх сурвалж: oilprice.com