О. Дөлгөөн
АНУ-ын Холбооны нөөцийн сан (Төв банк) хүүгийн хэмжээг бууруулж, ам.долларын ханш суларсаар байгаа энэ үед алтны үнэ энэ оны төгсгөлд унц тутамд 4,000 ам.доллар хүрч болзошгүй гэж Канадын хөрөнгө оруулалтын “Fidelity” компани мэдээллээ.
Тус компанийн сангийн менежер Иан Самсон Мягмар гарагт /2025.07.29/ “Bloomberg”-т өгсөн ярилцлагын үеэр алтны үнэ өсөх хандлагатай хэвээр байгааг онцолж, сүүлийн үед тус металын ханш түүхэн дээд үнэ болох 3,500 ам.доллароос буурсны дараа зарим хөрөнгө оруулалтын багцад алтны эзлэх хувь нэмэгдсэнийг дурдав.
2025 он гарсаар алтны үнэ 27%-иар өсч, зах зээлийн хамгийн өндөр өгөөжтэй хөрөнгийн нэг болоод байна. Үнийн огцом өсөлтөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дэлхийн худалдааны бүтцийг өөрчлөх хатуу бодлого, үүнээс үүдэлтэй эдийн засаг болон геополитикийн тодорхойгүй байдал голлон нөлөөлжээ.
Алтны спот ханш (зах зээлийн тухайн үеийн бодит үнэ) сүүлийн гурван долоо хоногийн турш унасны дараа, Мягмар гарагт унц тутамд 3,319.51 ам.доллар болж өсчээ.
Эх сурвалж: mining.com