Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ-ын нүүрсний хэрэглээ нэмэгдсэнээр дэлхийн нүүрсний эрэлт өслөө

О. Дөлгөөн

Дэлхий даяарх нүүрсний эрэлт 2025 онд дахин түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байна. 

Үүнийг Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA)-ийн сүүлийн үеийн тоо баримт харуулжээ. Хэдийгээр нүүрсний хамгийн том хэрэглэгч болох БНХАУ-ын хэрэглээ буурахаар байгаа ч бусад орны, тэр дундаа АНУ-ын хэрэглээ нэмэгдэх нь энэхүү бууралтыг нөхөх аж. Үүнд, Ерөнхийлөгч Дональд Трамп нүүрсийг дэмжиж, эрчим хүчний эх үүсвэрийн нэгэн чухал хувилбар хэмээн цохон тэмдэглэсэн нь ч нөлөөлж байна.

Хэдийгээр дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн хор хөнөөлтэй нөлөөг багасгахын тулд нүүрснээс татгалзахыг зорьж байгаа ч, цахилгаан эрчим хүчний эрэлт салхин болон нарны эрчим хүчний хөгжилтэй харьцуулахад хурдацтай өсч буй тул нүүрсний хэрэглээ буурахгүй хэвээр байна.

АНУ-д нүүрсний хэрэглээ энэ оны эхний хагас жилд 12 хувиар өссөн нь цахилгаан эрчим хүчний эрэлт огцом нэмэгдсэнтэй холбоотой.

Түүнчлэн Европт ч нүүрсний хэрэглээ нэмэгдсэн бөгөөд энэ жил салхины эрчим хүчний үйлдвэрлэл дунджаас доогуур үзүүлэлттэй байна. Харин Энэтхэг улсад нүүрсний эрэлт 1.3 хувиар өсөх хүлээлттэй байгаа бол Хятадад 0.5 хувиар буурах төлөвтэй байна. 

Өнгөрсөн онд дэлхийн нүүрсний эрэлт 1.5%-иар өсч, түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болох 8.79 тэрбум тонн хүрсэн байна. Энэ нь өмнө нь тооцоолж байсан 8.77 тэрбум тонноос давсан үзүүлэлт юм.

Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, нүүрсний хэрэглээ 2026 оноос эхлэн буурна гэсэн хүлээлттэй байгаа ч энэ нь гол хэрэглэгч Хятадын бодлого, хэрэглээнээс шалтгаалах юм.

Эх сурвалж: mining.com