УИХ-ын 2025 оны хаврын чуулганаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх тухай 85 дугаар тогтоолыг баталсан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг тогтоолд Үндсэн хууль болон байгаль орчны бодлогын хүрээнд нийцэхгүй гэж үзэн хэсэгчилсэн хориг тавилаа.
Үүнд:
Байгаль орчны хамгааллын бодлоготой зөрчилдсөн: Тогтоолын 5 дугаар заалт нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хил хязгаарт өөрчлөлт оруулж, хамгаалалтын хэмжээг бууруулах хууль зүйн үндэслэлийг бүрдүүлсэн гэж үзсэн. Ерөнхийлөгчийн зүгээс байгаль орчныг хамгаалах, тусгай хамгаалалтыг нэмэгдүүлэх бодлого тууштай баримтлах шаардлагатай гэж дүгнэжээ.
Үндсэн хуулийн зарчим зөрчсөн байдал: Тогтоолыг хэрэгжүүлэх хугацааг “2025 оны төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс” хэмээн заасан нь Ерөнхийлөгчийн хориг тавих үндсэн эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулж, Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзжээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ-ын даргад хүргүүлсэн албан бичигт энэ хоригийг холбогдох журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүссэн байна.
Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар