Ч.Сансар
Энэ долоо хоногийн эхээр гадаадын усан онгоцууд Оросын боомтуудад нэвтрэхийн тулд Оросын аюулгүй байдлын албанаас (ФСБ) зөвшөөрөл авах тухай хуульд Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурлаа. Гэхдээ энэ нь Хар тэнгисээр дамжин гарч буй Казахстаны газрын тосны экспортод нөлөө үзүүлсэнгүй.
Казахстаны Эрчим хүчний яамнаас "Интерфакс" агентлагт "Өнөөдрийн байдлаар ОХУ-ын далайн боомтоор Казахстаны нефтийн тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна" гэж мэдэгджээ.
Казахстаны нефтийн экспорт хэсэг хугацаанд түр зогссон ч одоо ФСБ гадаадын усан онгоцуудыг боомтуудад нэвтрэхийг зөвшөөрч байгаа тул экспорт дахин сэргэсэн гэж тус салбарын эх сурвалжууд Ройтерс агентлагт мэдээлэв.
Казахстан Оросын Хар тэнгисийн боомтуудаар дамжуулж түүхий нефтээ экспортолдог. Тус улс Оросын боомтуудыг ашигладаг ч барууны орнуудын хориг арга хэмжээнд өртөөгүй билээ.
Каспийн хоолойн консорциум (CPC) нь Казахстаны баруун хойд нутгаас Оросын Новороссийск боомт хүртэл газрын тос тээвэрлэдэг хоолойг ажиллуулдаг. Новороссийск нь Казахстаны түүхий нефтийн дийлэнх хэсгийг экспортолдог чухал боомт юм.
Америкийн Chevron болон ExxonMobil компаниуд тус консорциумын жижиг хувьцаа эзэмшигчид. ОХУ нь тус консорциумын 24%-ийг эзэмшдэг бөгөөд хамгийн том хувьцаа эзэмшигч аж.
ОПЕК+ бүлгийн тогтоосон квотыг мөрдөхгүй, газрын тосны олборлолтоо нэмэгдүүлж байгаа ОПЕК-ийн гишүүн бус Казахстан улс нефть үйлдвэрлэгчдийн бүлгээс гарах бодолгүй байна гэж тус улсын дээд албан тушаалтнууд өнгөрсөн долоо хоногт мэдэгдэв.
Казахстан улс нефтийн зах зээлийг тогтворжуулахад тустай гэж үзэж байгаа тул ОПЕК+ бүлгээс гарах төлөвлөгөө байхгүй гэж Ерөнхий сайд Олжас Бектенов мэдэгдсэнийг Оросын Интерфакс агентлаг иш татжээ.
Эх сурвалж: oilprice.com