/2025.07.24/ Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд сайд Г.Дамдинням Монгол, Энэтхэг хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж буйг онцолж, Монгол Улсын эдийн засагт стратегийн ач холбогдол бүхий Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг санхүүжүүлэн, хэрэгжүүлж буй Энэтхэгийн Засгийн газарт талархал илэрхийлэв.
Уулзалтын үеэр Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багц ажлын гэрээ зээлийн шугамд багтсан ч урьдчилгаа санхүүжилтийн асуудал удаашралтай байгаагаас төслийн ашиглалтад орох хугацаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг сайд Г.Дамдинням онцлон тэмдэглэж, уг асуудалд Элчин сайдын анхаарлыг хандуулахыг хүслээ.
Мөн тус үйлдвэрийн түүхий эдийн хангалтын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар болон холбогдох салбарын яамнаас онцгойлон анхаарч, шат дараатай арга хэмжээ авч байгааг тодотголоо.
Түүнчлэн Энэтхэгийн Техник-эдийн засгийн хамтын ажиллагааны (ITEC) хөтөлбөрийн хүрээнд 2020 оноос хойш “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанийн 60 гаруй инженер, техникийн ажилтан Энэтхэг улсад мэргэжил дээшлүүлэн суралцсан бөгөөд хамгийн сүүлийн хөтөлбөрт ШУТИС-ийн багш, оюутнууд хамрагдсаныг онцлон тэмдэглэв. Уг хамтын ажиллагаа нь салбарын хүний нөөцийн чадавх бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг сайд онцлов.
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам