Ч. Сансар
Хятадын Засгийн газар зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү нүүрс олборлосон уурхайг хааж магадгүй гэж мэдэгдлээ. Энэ нь олборлолтын хэмжээ ихэссэн асуудлыг шийдвэрлэх талаар эрх баригчид нилээд нухацтай хандаж байгаагийн илэрхийлэл юм.
Зах зээлийг гажуудуулсан гэж үзэж байгаа хэт олборлолттой тэмцэх ажлын хүрээнд Хятадын Үндэсний Эрчим Хүчний Газраас Шаньси, Өвөр Монгол, Шаанси, Шиньжян зэрэг нүүрсний орд ихтэй найман мужид нэг сарын турш шалгалт хийж байна.
Энэхүү мэдэгдэл гарснаас хойш нүүрсний компаниудын хувьцааны үнэ огцом өссөн. Засгийн газар одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Эрх баригчид эдийн засагт саад учруулж буй дефляцийн дарамтыг зогсоохын тулд ган, нарны хавтан, автомашин зэрэг салбаруудын хэт үйлдвэрлэлийг бууруулахад анхаарлаа хандуулсан.
Нүүрсний хэт их нийлүүлэлт нь зах зээлд сөргөөр нөлөөлж, сүүлийн дөрвөн жилд байгаагүйгээр үнэ ханшийг унагаж байна хэмээн энэ сарын эхээр нүүрсний салбарынхан анхаарууллаа.
Хятад улс өнгөрсөн жил ойролцоогоор 5 тэрбум тонн нүүрс үйлдвэрлэсэн ба 2025 онд энэ амжилтаа дахин эвдэх магадлалтай байгаа билээ.
Хяналт шалгалт хийгдсэн бүс нутгууд улсын хэмжээнд нүүрсний нийт олборлолтын 90 гаруй хувийг эзэлдэг. Хяналт шалгалт наймдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ оны эхний зургаан сарын хугацаанд хүчин чадлынхаа 110%-иас дээш хэмжээнд нүүрс олборлосон аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагааг нь түр зогсоох хүртэл шийтгэл ногдуулах юм байна.
Эх сурвалж: mining.com