Ч. Сансар
Филиппин улсад сүүлийн хорин жилийн хугацаанд анх удаа нүүрсний цахилгаан станцуудын үйлдвэрлэл буурах хандлагатай байгаа нь шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) түлшээр ажилладаг цахилгаан станцуудын үйлдвэрлэл нэмэгдсэнтэй холбоотой гэж зах зээлийн болон засгийн газрын мэдээлэлд хийсэн дүн шинжилгээнд дурдсан байна.
Филиппин нь Зүүн Өмнөд Азид нүүрснээс хамгийн их хамааралтай цахилгаан эрчим хүчний салбартай улс юм. Тус улс эрчим хүчний салбартаа татаас өгдөггүй бөгөөд үнэ ханш нь бүс нутагтаа Сингапурын дараа хамгийн өндөрт ордог. Филиппины эрчим хүчний зах зээл либералчлагдсан учир эрчим хүчний жижиглэн худалдаалагчид шингэрүүлсэн хий рүү амархан шилжих боломжтой гэж шинжээчид үзэж байна. Энэ нь хямд нүүрстэй, улсаас татаас авдаг Индонез, Малайзын эрчим хүчний салбараас ялгаатай юм.
Хийн түлшээр ажилладаг станцуудын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл өнгөрсөн зургадугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25%-иар өсч, энэ оны эхний хагаст 5.2%-иар өсч 10.36 ТВт.цаг болсон байна.
Ингэснээр 2023 онд хийн станцуудын үйлдвэрлэсэн эрчим хүчний эзлэх хувь 13.9% байсан бол 2025 оны эхний хагаст 17.5% болж нэмэгдсэн.
2020 онд Филиппин улс байгалийн хий, сэргээгдэх эрчим хүч зэрэг бусад эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор нүүрсэнд суурилсан эрчим хүчний шинэ төслүүдийг хүлээж авахаа больсон.
Шингэрүүлсэн хийн импортын өсөлтийн үр дүнд 2030 он гэхэд хийн цахилгаан станцуудын үйлдвэрлэл 2024 оны түвшнээс 65%-иар нэмэгдэх боломжтой болно.
Нүүрснээс өндөр хамааралтай Азийн улс орнууд нүүрсхүчлийн ялгаралтыг бууруулах, өсөн нэмэгдэж буй эрчим хүчний эрэлтийг хангахын тулд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг ихээхэн нэмэгдүүлсэн аж.
Харин Филиппин шингэрүүлсэн байгалийн хийн хэрэглээг дэмжиж, 2023 оны дундуур байгалийн хий импортолж эхэлснээс хойш хэрэглээ нь өссөн билээ. Филиппин 2024 онд хийн түлшээр ажилладаг станцуудынхаа хүчин чадлыг 2023 оны эцсээс 40%-иар нэмэгдүүлсэн.
Үүний зэрэгцээ нүүрсний станцуудын үйлдвэрлэл энэ хугацаанд 5.5%-иар буурч 33.8 ТВт.цаг болжээ.
2025 оны эхний зургаан сарын хугацаанд COVID-19 цар тахлын дараа нүүрсний импорт анх удаа буурч, мөн хугацаанд LNG-ийн импорт 51%-иар өссөн байна.
Эх сурвалж: www.reuters.com