Оросын нүүрсний салбарт барууны орнуудын тавьсан хориг арга хэмжээ, нүүрсний үнийн уналт, экспортын саад зэрэг асуудлууд тулгарсны улмаас Оросын Засгийн газар 63 тэрбум рубль (802 сая ам.доллар)-ийн дэмжлэг үзүүлэхээр болсон гэж Ройтерс агентлаг мэдээллээ.
Уг тусламжийн хүрээнд дотоодын нүүрсний компаниуд ашигт малтмалын олборлолтын татвар болон зарим даатгалын шимтгэлийн төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хойшлуулах эрхтэй болох юм. Мөн компаниудын татвараа төлөх хугацааг сунгах юм байна.
Ямар компанид тусламж үзүүлэхийг Эрчим хүчний яам шийдэх аж. Энэхүү арга хэмжээ нь эдийн засгийн хүндрэлтэй тулгарч буй нүүрс үйлдвэрлэгчдийг эргэлтийн хөрөнгөтэй болгох зорилготой бөгөөд одоо уг тусламжийг Засгийн газраас батлах шаардлагатай гэж Сангийн яам мэдэгдэв.
Сонгогдсон цөөн компаниудад татаас олгох, зээлийн төлбөрийг хойшлуулах, өрийн бүтцийн өөрчлөлт хийх зэргээр дэмжлэг аль хэдийнэ өгч байгаа.
Одоогийн байдлаар Мечел, Воркутауголь, СДС-Уголь, Северный Кузбасс зэрэг томоохон 7 компани тус тусдаа төрөөс дэмжлэг авч байгаа. Эдгээр компаниуд нийт 34 уурхай, боловсруулах 16 үйлдвэр, 20 туслах байгууламжийг ажиллуулдаг.
Засгийн газар 40 орчим компанийн дэмжлэг хүссэн өргөдлийг хянан үзэхээр төлөвлөж байна.
Барууны хориг арга хэмжээ, дэлхийд нүүрсний эрэлт буурсан, хамгийн том зах зээл болох Хятадад гаалийн татвар нэмэгдсэн зэрэг асуудлууд Оросын экспортын гол салбар болох нүүрсний салбарт маш их хүндээр туссан аж.