Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Азийн орнууд Африкийн зэсийн төлөө өрсөлдөж байна

Ч. Сансар

Хятад, Энэтхэг зэрэг улсуудын Африкийн байгалийн баялгийн төлөөх  өрсөлдөөн ширүүсч байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд БНХАУ Африкийн зэсийн зах зээлд томоохон тоглогч болж чадсан. Дэлхийд цахилгаан машин, цэвэр эрчим хүч, дижитал технологийн салбарт зэсийн хэрэгцээ улам өсөж байгаа учир Хятад улс Замби, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Ботсвана зэрэг орнуудад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн.

Энэтхэг бас Замбид хөрөнгө оруулж эхэлсэн. Гуравдугаар сард Энэтхэг улс Замби улсын баруун хойд хэсэгт 9000 км2 талбайд зэс, кобальтын хайгуул хийх зөвшөөрөл авсан. Хайгуул гурван жил орчим үргэлжлэх бөгөөд дээжийг нь Энэтхэгийн лабораторид шинжлэнэ.

Энэтхэг улс зэсийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ

Энэтхэг дотооддоо зэсийн салбарыг хөгжүүлэх шинэ стратегийг баталсан. Уг стратегийн хүрээнд гадаадын томоохон уул уурхайн компаниуд Энэтхэгт хайлуулах үйлдвэр, боловсруулах үйлдвэр баривал урамшуулал өгөх юм байна.

Чилийн Codelco, Австралийн BHP зэрэг компаниуд Энэтхэгт зэс боловсруулах үйлдвэр байгуулж магадгүй гэсэн мэдээлэл байна. Үүний хариуд Энэтхэгийн төрийн өмчит  компаниуд уг компаниудын гадаад дахь уул уурхайн төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, зэсийн салбарт хамтран харилцан ашигтай түншлэлийг бий болгохоор төлөвлөж байна.

Энэтхэг бол одоогоор дэлхийн цэвэршүүлсэн зэсийн хоёр дахь том импортлогч орон юм. Тус улс 2025 оны санхүүгийн жилд 1.2 сая тонныг импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4%-иар өссөн байна. 2030 он гэхэд зэсийн эрэлт ойролцоогоор 3 сая тонноор өсөх төлөвтэй байна.

Vedanta зэсийн зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлнэ

Их Британийн Vedanta Resources компани Замбийн Konkola зэсийн уурхайгаа (KCM) хөгжүүлэхээр Австралийн Worley компанитай хамтран ажиллахаар болсон. Энэхүү алхам нь Vedanta зэс, кобальт зэрэг критикал минералд чухал ач холбогдол өгч байгааг байгааг харуулж байна.

Vedanta нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, KCM-ийн хүчин чадлыг жилийн 300 мянган тонн зэс хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Тус компани АНУ-гийн үнэт цаасны бирж дээр  хувьцаагаа зарах зэрэг янз бүрийн санхүүжилтийн хувилбаруудыг судалж байгаа гэсэн мэдээлэл байна. Одоогийн байдлаар хэд хэдэн хөрөнгө оруулалтын банкуудтай яриа хэлэлцээр хийж байна.

БНХАУ зэсийн салбарт ноёрхож байгаа хэвээр

Канад, АНУ зэрэг барууны орнууд критикал минералын салбарт Хятадын үйл ажиллагааг хязгаарласан бодлого хэрэгжүүлж эхэлсний  дараа Хятад, Энэтхэг болон бусад орнуудын хооронд зэс болон бусад ашигт малтмалын төлөөх өрсөлдөөн ширүүсэв. Үр дүнд нь Бээжин Африк тивд анхаарлаа хандуулахад хүргэсэн. Тухайлбал, саяхан Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт дээр 51 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ зарласан нь Хятад улс Африкийн зэсийн зах зээлд урт хугацаанд тууштай ажиллах зорьж байгааг илэрхийллээ.

Хятадын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд уул уурхайн салбарт 2024 онд 21 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа. Хятадын компаниуд одоо Африкийн нийт уул уурхайн үйлдвэрлэлийн 8%-ийг хянаж байгаа нь 2019 оноос хойш 21%-иар өссөн байна. Дашрамд дурдахад, 2023 онд гадаадын уул уурхайн салбар дахь Хятадын хөрөнгө оруулалтын 50 гаруй хувь нь зэсийн салбар эзэлсэн гэж шинжээчид үзэж байна. Үүний үр дүнд Конго одоо Перуг гүйцэж, дэлхийн хоёр дахь том зэс үйлдвэрлэгч болсон билээ.

Эх сурвалж: oilprice.com