Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) хамтран 24 дэх жилдээ ТОП-100 аж ахуйн нэгжийг тодруулан алдаршууллаа.
Арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав үг хэлж, шагналыг Монгол улсын Ерөнхий Сайд Г.Занданшатар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан нар гардуулан өглөө.
“Засгийн газар намрын чуулганд баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль, татварын реформ, худалдан авах ажиллагааны тухай хууль зэрэг багтана. Мөн МҮХАҮТ, мэргэжлийн холбоодын хууль зэргээр зөвшөөрөл олголт, хүнд суртал, чирэгдлийг арилгах чиглэлээр цогц шинэчлэл хийхээр төлөвлөж байна” хэмээн Ерөнхий сайд Г.Занданшатар хэллээ.
Монгол улсын 2024 оны ТОП-100 ААН-ийн төлсөн татварын хэмжээ өмнөх оноос 1.4 их наяд төгрөгөөр өсөж, 7.6 их наяд төгрөгт хүрсэн нь татварын нийт орлогын 28 хувийг бүрдүүлжээ. ТОП-100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос 4.5 их наяд төгрөгөөр нэмэгдэн 54.9 их наяд болсон нь дотоодын нийт бүтээгдэхүүний 69 хувьтай дүйж байна. Дээрх компаниудын ажилчдын тоо 87.5 мянгад хүрсэн нь Монгол Улс дахь нийт ажлын байрны 6.5 хувьтай тэнцэж байгаа юм.
Мөн 2024 оны ТОП-100 ААН-ийн эрэмбийн тэргүүлэх салбаруудын жагсаалтыг уул уурхай олборлолтын салбар тэргүүлжээ. Энэхүү жагсаалтад гадаадын хөрөнгө оруулалттай 27 ААН багтсан ба экспорт хийдэг 25 ААН орсноос 5 нь уул уурхайн бус бүтээгдэхүүн экспортолдог байна.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ