Ч.Сансар
55 тэрбум тонн төмрийн хүдрийн шинэ орд илэрснээр Баруун Австрали муж дэлхийн хамгийн том төмрийн хүдрийн нийлүүлэгч боллоо. Энэ нээлт нь Австралийн экспорт болон дэлхийн төмрийн хүдрийн үнэ ханшинд хэрхэн нөлөөлж болох талаар олон хүн сонирхож байгаа билээ.
Hamersley бүс нутагт шинээр илэрсэн орд нь ойролцоогоор 6 их наяд ам.доллароор үнэлэгдэж, дэлхийн зах зээлийг ихээхэн доргиолоо. Ган үйлдвэрлэдэг улс орнууд уг ордыг ашиглахын тулд ихээхэн хөрөнгө оруулна гэж шинжээчид үзэж байна. Ингэснээр Баруун Австралид шинэ уурхайн бүтээн байгуулалт, зам тээврийн сүлжээ, боомтын байгууламжууд хөгжиж, дэд бүтэц улам өргөжих боломж бүрдэнэ.
Шинээр илэрсэн хүдрийн төмрийн агууламж 60 хувиас дээш байгаа нь аж үйлдвэрийн хэрэглээнд маш тохиромжтой юм.
Дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч Хятад улс дотоод хэрэглээний 65-аас илүү хувийг Австралиас импортолдог. Шинэ нөөц илэрсний үр дүнд төмрийн хүдрийн үнэ ханш урт хугацаанд тогтворжиж, Хятад улс жижиг нийлүүлэгчдээс хараат байдлаа багасгах боломж гарна.
Paraburdoo хотын ойролцоо шинэ уурхай нээгдлээ
Hamersley бүсэд Австрали, Хятадаас 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай шинэ уурхай нээгдлээ. Энэ нь Хятадын Baowu Steel Group (46%) болон Rio Tinto (54%) компаниудын хамтран хэрэгжүүлж буй төсөл билээ. Уг төсөл нь эхний үед жилд 25 сая тонн төмрийн хүдэр олборлох төлөвлөгөөтэй. Шинжээчид уг уурхайг 20 жил ажиллах боломжтой гэж үзэж байна.
Шинэ уурхай нь Австралид төмрийн хүдрийн хамгийн их нөөцтэй Pilbara бүс нутагт оршдог. Тус уурхай ажилласнаар Баруун Австрали мужийн эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэж тус мужийн захирагч Роджер Кук онцоллоо. Рио Тинто 2025-2027 онд Pilbara-д 13 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.
Шинэ нээлтүүд төмрийн хүдрийн үнийг бууруулна
Төмрийн хүдрийн ордууд шинээр нээгдэж, хөрөнгө оруулалт хийсний үр дүнд төмрийн хүдрийн зах зээлд томоохон өөрчлөлт орох төлөвтэй байгаа. Австралиас төмрийн хүдэр худалдаж авах хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, Бразил, Африкаас худалдаж авах нь багасна. Баруун Австрали мужийн экспорт нэмэгдэх нь төмрийн хүдрийн үнэ ханшийг дэлхий даяар бууруулж, улмаар барилга, автомашины салбаруудад эерэг нөлөө үзүүлнэ. Дэлхийн төмрийн хүдрийн салбарт Австралийн байр суурь улам бэхэжнэ.
Төмрийн хүдэр Австралийн эдийн засгийн хөгжлийн гол тулгууруудын нэг юм. 2005 оноос төмрийн хүдрээс олсон орлого асар хурдацтай нэмэгдэж, 5.2 тэрбум ам.доллароос 80.7 тэрбум болж өссөн.
Хятад улс Австралиас ихээхэн хамааралтай хэвээр байна
Хятад Австралийн гол худалдан авагч хэвээр байна. Хятадын нийт импортын 18 орчим хувийг Бразил улс нийлүүлж, хоёрдугаар байранд ордог. Хэдэн жилийн өмнө улс төрийн шалтгаанаар Хятад Австралитай эдийн засгийн харилцаагаа түр зуур царцаасан ч, төмрийн хүдрийн хэрэгцээ их байсан тул харилцаагаа хурдан сэргээсэн аж.
Эх сурвалж: oilprice.com