Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

БНХАУ-ын төмрийн хүдрийн эрэлт суларч, коксжих нүүрсний үнэ буурлаа

Т.Бямбанаран

Мягмар гарагт /2025.07.01/ төмрийн хүдрийн фьючерс үнэ буурсан нь Хятадын үйлдвэрлэлийн тааруу үзүүлэлт болон тус улсын үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хямралаас үүдэлтэй. Төмрийн хүдрийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг Хятад улсад эрэлт бага байгаа нь хөрөнгө оруулагчдын хандлагыг сулруулжээ.

Хятадын Далянь түүхий эдийн бирж (DCE) дээр хамгийн идэвхтэй арилжаалагдаж буй есдүгээр сарын төмрийн хүдрийн гэрээ 1.32 хувиар буурч, нэг тонн нь 708.5 юань (98.92 ам.доллар) болж хаагдав.

Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар удаашралтай байгаа нь энэхүү үнийн савлагаанд нөлөөлсөн. Үүн дээр нэмээд Австралийн Засгийн газар төмрийн хүдрийн үнэ буурах эрсдэлтэй хэмээн анхааруулснаар зах зээлийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байна гэж “ANZ” банк мэдээлэв.

Түүнчлэн “Хятадын Металлургийн мэдээ” гэх сонинд дурдсанаар Хятадын Төмөр, гангийн холбооны (CISA) Ерөнхий нарийн бичгийн дарга Жян Вэй эрх баригчдад цувимал бүтээгдэхүүний экспортыг хязгаарлах санал тавьсан нь хөрөнгө оруулагчдын хүлээлт, хандлага өөрчлөгдөхөд хүргээд байгаа аж. Тус улсын хувьд хагас боловсруулсан ган бүтээгдэхүүний экспорт оны эхнээс эрчимтэй өссөнтэй холбогдуулан уг саналыг дэвшүүлсэн байна.

Энэ оны эхний 5 сарын байдлаар Хятадын цувимал гангийн экспорт гурав дахин нэмэгдсэн талаар тус улсын гаалийн албаны мэдээлэлд дурджээ. Үүний улмаас Хятадын Төмөр, гангийн холбоо 2025 оны нийт экспорт 10 сая тонноос давж болзошгүй хэмээн сэрэмжлүүлсэн байна.

Далянь түүхий эдийн бирж дээр гангийн үйлдвэрлэлд хэрэглэдэг бусад гол түүхий эдийн үнэ дагаад буурсан байна. Тухайлбал, коксжих нүүрс 3.32%-иар, кокс 2.46%-иар тус тус унажээ.

Эх сурвалж: mining.com