Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy” компани Монголын Нарийн Сухайт “LF-07” цооногт нэмэлт туршилтын өрөмдлөг хийх “Major Drilling” компанитай гэрээг эцэслэн байгууллаа.
Компанийн “LF-07” цооногт хийх өрөмдлөгийн бэлтгэл ажлууд 6 дугаар сард дуусч, өрөмдөх ажлыг 7 дугаар сарын хоёрдугаар хагаст эхлэхээр төлөвлөжээ.
“LF-07” нь одоогийн туршилтын талбай дахь хамгийн сүүлийн босоо цооног байх бөгөөд 2026 онд налуу, хэвтээ өрөмдлөгийн ажлыг төлөвлөн зохион байгуулах юм.
5 дугаар сард туршилтын цооногуудын хий үйлдвэрлэл төлөвлөгөөний дагуу тогтвортой үргэлжилж, ойролцоогоор 8300 шоо метр хий гаргажээ.
“TMK Energy” компанийн Гүйцэтгэх захирал Дугал Фергюсон “LF-07 өрөмдлөгийн хугацаа батлагдсан тул одоо бид “Гурвантэс XXXV” төслийн түншүүдээ танилцуулах ажилд төвлөрнө” хэмээн онцолжээ.
Компанийн хувьд нүүрсний давхаргын метан хий олборлолтын салбарт туршлагатай, хэвтээ өрөмдлөг хийх тоног төхөөрөмжтэй, Хятадад төвтэй компаниудтай стратегийн техникийн түншлэл байгуулахыг эрмэлзэж байгаа аж.
Эх сурвалж: smh.com.au