Монголын эдийн засгийн голлох салбаруудыг төлөөлөх бизнесийн холбоод нэгдсэн зөвлөл байгуулж, бизнесийн эрхзүйн орчныг сайжруулах, хамтарсан тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр /2025.06.27/ байгуулав.
Тус санамж бичгийг байгуулснаар бизнесийн салбарын нэгдсэн дуу хоолой болж, нийтлэг эрх ашиг, байр суурийг илэрхийлэх боломж бүрдэх бөгөөд бизнесийн эрхзүйн таатай, тогтвортой орчныг бүрдүүлж, салбар хоорондын уялдааг дэмжих ач холбогдолтой ажээ. Хамтран ажиллах санамж бичигт дараах оролцогч талууд нэгдлээ. Үүнд:
Монголын уул уурхайн үндэсний ассоциаци
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо
Монголын даатгалын зах зээлийн холбоо
Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо
Газрын тос, байгалийн хийн хайгуул, олборлогчдын холбоо
Нэгдсэн зөвлөл байгуулагдсанаар бизнесийн салбарууд дангаараа бус, нэгдэж дуу хоолойгоо хүргэх боломжтой болж, бодлого боловсруулах, хууль эрх зүйн орчныг сайжруулахад нөлөөлөх чадвар нэмэгдэнэ. Бизнесийн нэгдсэн зөвлөл нь эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг нэгтгэж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, тогтвортой, хариуцлагатай хөгжлийг дэмжих харилцан уялдаатай, оновчтой төлөөллийн стратегийн платформ болно гэдгийг дээрх холбоодын төлөөлөл илэрхийлж байна.
Бизнесийн холбоодын нэгдсэн зөвлөл нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй эдийн засаг бизнесийн голлох салбаруудыг төлөөлөх эрх бүхий холбоо, сан, төрийн бус байгууллага, ассоциаци буюу хуулийн этгээдүүдийн санаачилга, гишүүнчлэлийн үндсэн дээр байгуулагдаж, хамтын удирдлагын зарчимд тулгуурлан бизнес эрхлэгчдийн хууль ёсны нийтлэг эрх ашгийг илэрхийлэх бизнесийн холбоодын нэгдэл юм. Мөн бизнесийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нөлөө бүхий хамтын ажиллагааны тогтолцоо бүрдүүлж, тэрхүү тогтолцоог тогтвортой хөгжүүлэх зорилготой.
Бизнесийн холбоодын нэгдсэн зөвлөл мөн гишүүн байгууллага болон бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг төлөөлж, тэдний нэрийн өмнөөс төрийн захиргааны бүх шатны байгууллага, албан тушаалтанд зөвлөмж, санал, дүгнэлт хүргэх, холбогдох хууль тогтоомж, бодлого, шийдвэр боловсруулах үйл явцад гишүүдээс гаргасан хүсэлтийг уламжлах зэргээр идэвхтэй үйл ажиллагаа явуулах болно.