Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

Г. Эрдэнэтуяа: Бизнес эрхлэгчдийн дуу хоолой өдрөөс өдөрт хумигдаж байна

Credits: The Mongolian Mining Journal

О.Дөлгөөн, Т.Бямбанаран

Монголын эдийн засгийн голлох салбаруудыг төлөөлөх бизнесийн холбоод нэгдсэн зөвлөл байгуулж, бизнесийн эрхзүйн орчныг сайжруулах, хамтарсан тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр /2025.06.27/ байгуулав.

Тус санамж бичгийг байгуулснаар бизнесийн салбарын нэгдсэн дуу хоолой болж, нийтлэг эрх ашиг, байр суурийг илэрхийлэх боломж бүрдэх бөгөөд бизнесийн эрхзүйн таатай, тогтвортой орчныг бүрдүүлж, салбар хоорондын уялдааг дэмжих ач холбогдолтой ажээ. Хамтран ажиллах санамж бичигт дараах оролцогч талууд нэгдлээ. Үүнд:

  • Монголын уул уурхайн үндэсний ассоциаци
  • Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо
  • Монголын даатгалын зах зээлийн холбоо
  • Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо
  • Газрын тос, байгалийн хийн хайгуул, олборлогчдын холбоо

Нэгдсэн зөвлөл байгуулагдсанаар бизнесийн салбарууд дангаараа бус, нэгдэж дуу хоолойгоо хүргэх боломжтой болж, бодлого боловсруулах, хууль эрх зүйн орчныг сайжруулахад нөлөөлөх чадвар нэмэгдэнэ. Бизнесийн нэгдсэн зөвлөл нь эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг нэгтгэж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, тогтвортой, хариуцлагатай хөгжлийг дэмжих харилцан уялдаатай, оновчтой төлөөллийн стратегийн платформ болно гэдгийг дээрх холбоодын төлөөлөл илэрхийлж байна.

Credits: The Mongolian Mining Journal

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г. Эрдэнэтуяа: Манай зөвлөлд эдийн засгийн голлох салбарууд болох уул уурхай, газрын тосны импортлогчид, олборлогчид, хөрөнгө оруулалт, банк санхүүгийн байгууллагууд нэгдэн орж байна. Тиймээс зөвхөн нэг салбарыг онцлох бус, эдийн засгийн хүрээн дэх нийтлэг асуудлыг цогцоор нь харж, хууль эрх зүйн орчныг шинэчлэх зорилготой ажиллаж байна. Гол төсвийн орлого бүрдүүлэгч эдгээр салбаруудын тулгамдаж буй асуудалд шийдэл олох, гарц гаргалгаа боловсруулахын тулд нэгдсэн дуу хоолой болж ажиллах шаардлага улам бүр нэмэгдэж байна.

Бизнесийн тогтвортой үйл ажиллагаа явуулахад төрийн бодлогын тогтвортой байдал хэр нөлөөлж байна вэ? 

Г. Эрдэнэтуяа: Үнэндээ өнөөгийн нөхцөлд бизнес эрхлэх орчин амаргүй байгаа. Бизнес эрхлэгчдийн дуу хоолой өдрөөс өдөрт хумигдаж, төр бодлогын түвшинд бизнесийн гол төлөөллүүдээс бус, танхимын төлөөллөөр санал авч шийдвэр гаргах хандлага давамгайлж байна. Цаашид бидний гол зорилт бол төрд бизнесийн салбаруудын бодит хэрэгцээ, тулгамдсан асуудлыг ойлгуулах, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэдэг байнгын зөвлөх механизм буюу “төрийн санах ой” болж ажиллах юм.

Эрдэс баялгийн салбарт өнгөрсөн хугацаанд эрх зүйн шинэчлэлт шаардлагатай байна гэх асуудлыг хөндөж байсан. Гэхдээ одоог хүртэл хөрөнгө оруулалтын хууль орж ирээгүй энэ нөхцөл байдалд ч бас Та бүхэн дуу хоолойгоо хүргэнэ гэж харж байна. Иймд эрдэс баялгийн салбараас төсөвт илүү их боломж нээгдэх тооцоолол байгаа юу?

Г. Эрдэнэтуяа: Салбарын гол хууль бол “Ашигт малтмалын тухай хууль.” Гэхдээ одоог хүртэл шинэчлэгдээгүй. Хөрөнгө оруулагч нар заавал хуулийг өөрчлөөд асуудлыг шийднэ гэхээс илүүтэй өнөөдөр яг тулгамдаж буй асуудал, түүнийг бодитойгоор шийдвэрлэхэд засгийн газар илүү хурдацтай ажиллавал эерэг үр дүн гарна гэж харж байгаа. Жишээлбэл, саяхан эхэлсэн "Алт-3" хөтөлбөрийн хүрээнд төрийн зүгээс хурдтай, уялдаатай шийдвэрүүдийг гаргаж ажиллавал, хууль өөрчлөхөөс өмнө ч тодорхой үр дүн гарч болох юм. Одоогийн хууль эрх зүйн зохицуулалтыг үндсэндээ хангалттай гэж үзэж байгаа. Харин хэрэгжилтийг нь хангах, хэрэгжих боломжийг бүрдүүлэхэд анхаарах нь чухал байна. 

Төсвийн орлого бүрдүүлэгч гол салбарын хувьд эрдэс баялгийн салбарт ямар тулгамдсан асуудлууд байна вэ? Цаашдын боломжийг хэрхэн харж байна вэ?

Г. Эрдэнэтуяа: Салбарын өмнө тулгамдаж буй асуудал багагүй. Геологи, хайгуулын ажил үндсэндээ зогсонги байдалд орсон. Алт олборлолтын хэмжээ буурч, экспортын бүтэц төрөлжилт муу байна. Он гарснаас хойших нүүрсний үнийн уналт нь улсын төсөвт шууд сөргөөр нөлөөлж байгааг төсвийн бүрдүүлэлтээс харж болно. Цаашид олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх, эрдэс баялгийн төрөлжилтийг бодитойгоор дэмжих шаардлага өндөр байна. Мөн геологи, хайгуулын ажлыг зөвхөн тендерийн журмаар бус өргөдлийн үндсэн дээр олгож эхэлбэл энэ салбар илүү эрчимжиж, хөрөнгө оруулалт татах боломж нэмэгдэх болов уу. Ингэснээр салбар урт хугацаанд тогтвортой өсөх нөхцөл бүрдэх юм.

Credits: The Mongolian Mining Journal

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Г.Энхбат сэтгүүлчдэд өгсөн яриандаа, “Энэхүү арга хэмжээний гол зорилго бол төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хувийн хэвшлийн тулгамдаж буй асуудлыг төрд хурдан шуурхай хүргэж, хамтран шийдвэрлэхэд оршиж байна. Манай улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр олон талын хүчин чармайлт гаргаж байгаа хэдий ч хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрэн бүрдээгүй хэвээр байна. Ялангуяа хөрөнгийн зах зээлд татварын орчин тодорхой бус байгаа нь хөгжил урагшлахад саад болж байна. 1990 оноос хойш Монгол Улсад банкны хоёр шатлалт тогтолцоо бий болсон. Үүний дагуу төрөөс үзүүлж буй бүхий л татаасыг арилжааны банкнуудаар дамжуулан олгодог. Гэтэл хамгийн ил тод, сайн засаглалтай гэж үнэлэгддэг хөрөнгийн зах зээлийг орхигдуулсан нь харамсалтай. “Алт-3” болон “Цагаан алт” зэрэг хөтөлбөрүүд нь татвар төлөгчдийн мөнгөнөөс санхүүжиж буй учраас уг хөрөнгийг авч буй аж ахуйн нэгжүүд тухайн эх үүсвэрийг хэрхэн ашигласнаа олон нийтэд тайлагнах ёстой. Ийм хөтөлбөрүүд хөрөнгийн зах зээлээр дамжин хэрэгжих нь ил тод байдлыг хангах хамгийн оновчтой шийдэл. Гэвч өнгөрсөн хугацаанд ямар компани хэдий хэмжээний дэмжлэг авсан, үр дүн нь юу байсан талаарх мэдээлэл тодорхой бус байна” гэлээ.

Мөн 2021 оны 12 дугаар сард батлагдсан “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль”-ийн хэрэгжилтэд ч асуудал бий. Уг хууль батлагдсанаас хойш Уул уурхайн биржийн зөвшөөрөл авсан 13–14 компани өнөөг хүртэл бүрэн хүчин чадлаар ажиллаж чадахгүй байна. Учир нь Монголын хөрөнгийн биржтэй давхацсан, тодорхой бус зохицуулалтын улмаас хоёр байгууллага хоорондоо өрсөлдөж буй нөхцөл үүссэн. Олон улсын жишгээр бол бирж нь зөвхөн арилжааны үйл ажиллагаагаа, брокер нь өөрийн үүрэгт ажлаа хийдэг тодорхой хуваарилалттай байдаг. Харин манай улсад хөрөнгийн бирж нь арилжаа хийхээс гадна брокерын буюу зуучлалын үйл ажиллагаа давхар эрхэлж байгаа нь хувийн хэвшилд боломж олгохгүй, зах зээлийн хөгжилд саад болж байна. Энэ бүхэн нь эрх зүйн орчны тодорхой бус байдалтай холбоотой бөгөөд анхаарал хандуулах шаардлагатай байна хэмээн ярилаа.

Credits: The Mongolian Mining Journal

Газрын тос, байгалийн хийн хайгуул, олборлогчдын холбооны Удирдах зөвлөлийн дарга, Макс Группын Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн бизнес хариуцсан захирал Д.Даваа-Очир, “Бизнесийн холбоодын нэгдсэн зөвлөл байгуулагдах шалтгаан нь Монгол Улсын төсвийг бүрдүүлэгч гол бизнесүүдийн мэргэжлийн холбоодын дуу хоолойг төр засгийн бодлогод тусгах, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах, сануулахтай нягт холбоотой. Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим нь бизнес, аж ахуйн нэгжүүдийн дуу хоолой болж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Өөр нэг асуудал нь салбар салбарын хуулиуд бие биетэйгээ уялдаа холбоогүй, зөрчилтэй байх нь бий. Энэ талаар нэмэлт, өөрчлөлтийн санал, хүсэлтийг төрд хүргэхэд мэргэжлийн холбоод чухал үүрэгтэй” гэсэн юм.

Мөн тэрээр, “Газрын тос бол Монгол Улсын стратегийн түүхий эд гэхэд хилсдэхгүй. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт өрнөж байгаа ч үйлдвэрт шаардлагатай түүхий эд нь хаана байгаа вэ? Газрын тосны хайгуул, олборлолт хийж буй компаниуд хуулийн хүрээнд саадгүй үйл ажиллагаагаа явуулах бололцоог хангахад энэхүү зөвлөл анхаарч ажиллах болно. Газрын тосны хайгуул, судалгаа явуулахад хүндрэлтэй байна. Жишээлбэл, “Макс Ойл” компани 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна. Ковид-19 цар тахлын үеэс хойш байгаль орчны нарийвчилсан үнэлгээний хугацааг сунгуулах гэтэл бидний асуудлыг авч хэлэлцэхгүй байна. Хайгуулын ажил нь хэд хэдэн аймаг, сумдын нутаг дэвсгэрийг дамнасан байдгаараа онцлогтой. Гэтэл энэ асуудлыг яагаад заавал орон нутгийн багийн хурлаар хэлэлцүүлэх ёстой юм бэ? Нэг суманд гэхэд л олон баг бий. Тэр бүгдийг нэг бүрчлэн хуралдуулж байж эцсийн шийдвэр гаргана гэвэл энэ салбарын ажил урагшлахгүй. Энэ мэт асуудлууд гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай бусад компанид ч мөн тулгарсаар байгаа.

Манай улсын газрын тосны салбарт 1990, 2000-аад оны үед гаднын хөрөнгө оруулагчид дуртайяа орж ирдэг байсан бол одоо тийм биш болсон. Тиймээс дор хаяж дотооддоо үйл ажиллагаа явуулж буй компаниудын хайгуулыг саадгүй хийлгэж, нөөцийн хэмжээ нэмэгдвэл гаднын хөрөнгө оруулалтыг ч татах боломжтой. Мөн одоо баригдаж буй газрын тосны үйлдвэрээ түүхий эдээр хангах бололцоо ч үүснэ. 

Анхаарвал зохих өөр нэг зүйл нь Засгийн газар нефтийн экспортоос жилдээ 350-360 тэрбум төгрөгийн орлого олдог. Олборлолтыг тийм бага хийж байхад ийм их хэмжээний орлого олж байгаа нь энэ салбар эдийн засагт асар өгөөжтэй болохыг тод харуулж байна. Олборлолтоо 10 дахин өсгөхөд экспортын орлого их наядаар яригдана. Харамсалтай нь, тун ойлгомжгүй шалтгаануудаас болж энэ боломжийг алдаж байна” хэмээх байр суурийг илэрхийлсэн.

Credits: The Mongolian Mining Journal

Монголын даатгалын зах зээлийн холбооны дэд Ерөнхийлөгч, Монгол Даатгал ХК-ийн Даатгалын удирдлага хариуцсан захирал А.Идрээ арга хэмжээний үеэр сэтгүүлчдэд өгсөн яриандаа нэгдмэл дуу хоолой, хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлоод, “Эдгээр холбоонд нийтдээ 4,000 гаруй гишүүн байгууллага бий. Энэхүү хамтын ажиллагааны гол шалтгаан нь дээрх таван холбооны гишүүн компаниудад учраад буй хууль, эрх зүй, нийгэм, эдийн засгийн саад тотгор, сорилтыг шийдвэрлэхэд чиглэсэн шаардлагатай арга хэмжээг нэгдмэл байдлаар боловсруулж, дуу хоолойгоо төр засагт хүргэхэд оршино” гэсэн юм.