Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АЛС ДОРНОД ДАХЬ БАЙГАЛИЙН ХИЙН НИЙЛҮҮЛЭЛТ УДААШИРЧ БАЙНА

Ч. Сансар

Япон руу байгалийн шингэрүүлсэн хий (LNG) нийлүүлэх ОХУ-ын "Сахалин-2" төслийн урт хугацааны гэрээ дуусах дөхөж байгааэнэ үед бусад үйлдвэрлэгчдэд Японы зах зээлд өрсөлдөх боломж гарч ирж байна хэмээн салбарын мэргэжилтнүүд онцоллоо.

Японд байгалийн хийн эрэлт багасаж, мөн Оросоос түлшний хараат байдлаа бууруулах гэсэн геополитикийн шахалт дарамт нэмэгдэж буй нь Японы компаниуд хамгийн ойрын зах зээлээсээ салах, цаашид хий худалдан авах шинэчилсэн гэрээг дахин хийхгүй байх нөхцөл байдал үүсээд байна. "Сахалин-2" төсөлтэй байгуулсан Японы урт хугацааны гэрээ 2026-2033 оны хооронд дуусах юм.

LNG-ийн дэлхийн хоёр дахь том худалдан авагч Япон улс байгалийн хийн хэрэглээнийхээ 9%-ийг буюу жилд 6 сая тонныг Оросоос худалдан авдаг бөгөөд үүний дийлэнх хувийг Оросын "Газпром" компанитай байгуулсан урт хугацааны гэрээний дагуу "Сахалин-2" төслөөс нийлүүлдэг аж.

Уг төсөл нь өнөөг хүртэл амжилттай хэрэгжиж, Японы аж үйлдвэрийн салбартай нягт холбоотой ажилладаг бөгөөд Mitsui болон Mitsubishi зэрэг худалдааны томоохон компаниуд төслийн 22.5%-ийг эзэмшдэг.

Японы хувьд ОХУ-ын "Сахалин-2" төсөл нь газар нутгийн хамгийн таатай байршилд оршдог төдийгүй байгалийн хийг богино хугацаанд хэдхэн хоногийн дотор нийлүүлэх боломжтой гэдгээрээ ихээхэн ач холбогдолтой. Австрали, Канад эсвэл АНУ-аас хий худалдан авсан тохиолдолд тээвэрлэлтийн зардал өндөр, хэдэн долоо хоногоос ч илүү хугацаа шаардах аж.

Японы Аж үйлдвэрийн яамны удирдах албан тушаалтны мэдэгдэж буйгаар "Их 7"-гийн орнууд Оросын түлшний хараат байдлаа багасгахаар тохиролцсон. Тиймээс Оросын байгалийн хийн импортоо хэвийн хэмжээнд байлгахад бидэнд хүндрэл тулгарч байна.

Гэхдээ байгалийн хий худалдан авах эцсийн шийдвэрийг Японы нийтийн аж ахуйн үйлчилгээний компаниуд гаргана" гэж тэрбээр хэлэв.

Сүүлийн жилүүдэд Японд эрчим хүчний хэрэглээ багасаж, тус улс цэвэр эрчим хүч рүү эрчимтэй шилжиж байгаа энэхүү нөхцөл байдалд байгалийн хийн хэрэглээ буурах хандлагатай байна.

Токио эрчим хүчний үйлдвэрлэлд байгалийн хийн эзлэх хувийг өнгөрсөн жилийн 33%-иас бууруулж, 2030 он гэхэд 20%-д хүргэх зорилт тавьсан. Мөн сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 26%-иас нэмэгдүүлж, 38%-д хүргэхийг хичээж байна.

ӨРСӨЛДӨӨН ЭХЭЛЖ БАЙНА

Орос улс удаа дараагийн барууны орнуудын эдийн засгийн хоригт орсны дараа Японы компаниуд АНУ, Австрали, Малайз, Оман зэрэг холбоотон орнуудаас байгалийн хийн худалдан авалтаа нэмэгдүүлсэн аж.

Алс Дорнодын зах зээлд Оростой өрсөлдөгч компаниуд энэ боломжийг ашиглахыг хүсэж байгаа бөгөөд тэр дундаа Сахалинаас хэдхэн хоногийн зайтай оршдог, геополитикийн эрсдэл багатай Аляска болон Канадын баруун хэсгүүдэд Япон руу хий нийлүүлэх боломж нээгдэж байна.

АНУ-ын Аляска мужийн сенатор Дэн Салливан Аляскийн шингэрүүлсэн байгалийн хийн төслийг идэвхжүүлэх зорилгоор сүүлийн 2 жилийн хугацаанд Япон Өмнөд Солонгост 4 удаа айлчилж, Ерөнхий сайд Фумио Кишида тэргүүтэй Японы Засгийн газрын төлөөлөгчидтэй уулзжээ.

"Байгалийн шавхагдашгүй энэхүү нөөц бол зөвхөн АНУ болон Аляска муж төдийгүй Ази дахь манай холбоотнуудын хувьд стратегийн том боломж. Бид энэхүү нөөцийг ашиглаж, Япон, Солонгос зэрэг холбоотнуудаа Оросын хийн түлшний хамаарлаас бууруулж чадна" гэж тэрээр Ройтерс агентлагт цахим шуудангаар дамжуулан бичжээ.

Түүнчлэн Ерөнхийлөгч Дональд Трамп өмнөх Жо Байдены засаг захиргааны үед зогсоосон LNG-ийн шинэ төслүүдийн экспортын зөвшөөрлийг сэргээж, дахин олгохоор бэлтгэж байна гэж эх сурвалжууд Ройтерс агентлагт мэдээлж байв.

КАНАДЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛ ЯПОНД ШИНЭ САЛБАРАА НЭЭЛЭЭ

Тусгай зөвлөх Heather Exner-Pirot "Бидний ойрын зорилтот зах зээл бол байгалийн шингэрүүлсэн хийн найдвартай нийлүүлэлтийг хангах явдал байх болно." гэж мэдэгджээ.

Канад улс Shell компанийн хэрэгжүүлж буй "LNG Canada" төслөөр дамжуулан шингэрүүлсэн хийг ирэх жилээс Япон болон бусад орон руу экспортлохоор бэлтгэж байгаа бөгөөд энэ нөөц нь Оросын хийн зах зээлийг орлох бүрэн боломжтой" гэж тэрбээр мэдэгджээ. Түүнчлэн тус улс шингэрүүлсэн хийн жижиг хоёр төслийг 2027-2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Канадын байгалийн хий олборлогч компаниудын төлөөлөл шингэрүүлсэн хий нийлүүлэх талаар Японы компаниудтай санал солилцож байгаа бөгөөд "Сахалин-2" төслийн гэрээний хугацаа дуусмагц эрэлтийг хангахуйц нэмэлт олборлолтоо эхэлнэ гэж салбарын эх сурвалж онцлов.

Түүнчлэн Австралийн "Woodside Energy" компани нь Японы компаниудтай нягт холбоотой ажилладаг бөгөөд Япон руу, тэр дундаа АНУ-аас шингэрүүлсэн хий нийлүүлэх хэмжээгээ нэмэгдүүлэх боломжтой гэдгээ Гүйцэтгэх захирал Мег О'Нил илэрхийлжээ.

Ийнхүү шингэрүүлсэн хийн үйлдвэрлэгчид Японтой худалдаагаа өргөжүүлэхийг ихээхэн чармайх болов.

ХУДАЛДАН АВАЛТ ӨНДӨР Ч НИЙЛҮҮЛЭЛТ ТОДОРХОЙ БУС БАЙНА

"Сахалин-2" төслийн үндсэн талбай Олох "Лунское" нөөцөө шавхаж, бараг усаж байгаа тул Оросоос цаашдаа хийж нийлүүлэх эсэх нь тодорхойгүй байна.

Газпром "Южно-Киринское" хийн ордыг хөгжүүлэх алсын төлөвлөгөө гаргасан ч 2015 онд АНУ тус ордын эсрэг хориг арга хэмжээ авсан юм. Тус ордоос 2021 онд хий олборлож эхлэх ёстой байсан ч "Газпром" компани эхний цооногийг өрөмдөх төхөөрөмжийг дөнгөж 2024 оны 7 дугаар сард л хүлээн авч суурилуулсан юм.

"Сахалин-2" төсөл зөвхөн 2033 он хүртэл тогтвортой үйлдвэрлэл явуулах боломжтой" гэж Оросын Интерфакс агентлаг 2024 оны 6 дугаар сард мэдээлж байв.

Ямартай ч Японы төрийн өмчит Металл ба эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (JOGMEC)-ын судалгаа хариуцсан захирал Дайсуке Хараданы мэдэгдэж буйгаар "Япон улс 2030 он хүртэл шингэрүүлсэн хий Оросоос худалдан авах нь тодорхой" байна.

"2030-аад оны эхээр Алс Дорнодод шингэрүүлсэн хийн хомсдол үүсэх магадлал бий. Тиймээс "Сахалин-2" төсөлтэй гэрээгээ шинэчлэхгүй байж болно, харин зарим тохиолдолд гэрээ байгуулахаас өөр аргагүй" гэж тэрбээр хэлэв.

Японы хамгийн том эрчим хүчний JERA компанийн Ерөнхийлөгч Хисахиде Окуда 2024 оны 11 дүгээр сарын сүүлээр "Сахалин-2" төслийн гэрээг сунгах эсэхээ хараахан шийдээгүй байна" гэж мэдэгдэж байсан удаатай. "Гэхдээ тус төсөл Японы зах зээлд хамгийн ойр байгаа нь гол давуу тал болно" гэж тус компанийн эх сурвалж Ройтерс агентлагт ярьжээ.

"Хэрэв бид ямар нэгэн хориг аpra хэмжээнд өртөхгүйгээр худалдан авалтаа үргэлжлүүлж чадвал эрчим хүчний аюулгүй байдлаа хангахын зэрэгцээ хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж болох юм" гэж зарим эх сурвалж мэдэгджээ.

"Сахалин-2" төсөл "Японы эрчим хүчний аюулгүй байдалд маш чухал үүрэг гүйцэтгэдэг" гэж Японы Аж үйлдвэрийн яам (МЕТІ) цахим шуудангаар дамжуулан мэдэгдээд, дэлхийн шингэрүүлсэн хийн нийлүүлэлт багасах төлөвтэй байгааг онцлон тэмдэглэв.

Япон улс шингэрүүлсэн хийн худалдаанд маш идэвхтэй оролцдог бөгөөд өмнөх санхүүгийн жилд 38.3 сая тонн буюу Оросоос худалдаж авсан хэмжээнээс 6 дахин их хэмжээний худалдан авалт хийсэн байна.

"Сахалин-2" төслийн гэрээ дуусгавар болох нь Японы эрчим хүчний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүй" гэж Эрчим хүчний эдийн засаг, санхүүгийн шинжилгээний хүрээлэнгийн шингэрүүлсэн хийн мэргэжилтэн Кристофер Долеман хэлж байсан ч Японы нийтийн аж ахуйн үйлчилгээний компаниуд хамгийн хямд хий худалдаж авах сонирхолтой хэвээр байгаа аж.

Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэглэгчдэд хамгийн хямд хий нийлүүлэх үүрэг хүлээсэн Тоkyo Gas компани "Сахалин-2" төслөөс жилд 1.1 сая тонн хий худалдан авдаг. "Хэрэв бид Оросоос хий худалдаж авахаа зогсоовол бусад орноос илүү өндөр үнээр худалдан авалт хийх шаардлага гарна. Хэрвээ худалдааны гэрээгээ Оростой зогсоовол энэ нь манай хэрэглэгчдэд acap их сөрөг нөлөө үзүүлнэ" хэмээн тус компанийн Шингэрүүлсэн хийн зах зээл хариуцсан захирал Юмико Яо эмзэглэж буйгаа нуусангүй.