Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксонг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд 2021 онд УИХ-аас батлагдсан “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах асуудлаар байр сууриа илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны чухлыг онцлов.
Г.Занданшатар сайд уулзалтын үеэр Оюу толгойн төслийн хүрээнд үйл ажиллагааны ил тод байдал, худалдан авах ажиллагаа, татвар, байгаль орчин, тэр дундаа ус ашиглалтын асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатайг тодотгосон юм. Тэрбээр дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд мэргэжлийн баг бүрдүүлэн хамтран ажиллах саналаа дэвшүүлжээ.
“Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон уулзалтад оролцсон Монголын талын төлөөлөгчдөд талархал илэрхийлж, шийдэл хүлээж буй асуудлууд дээр хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийллээ.
Уулзалтад “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, “Рио Тинто Монгол” компанийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, Өсөлт хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх нар оролцсон юм.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар