Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Канад Улсын үндэсний баярын арга хэмжээнд оролцож, үг хэллээ. Тэрбээр хоёр орны найрсаг харилцаа, уул уурхайн салбар дахь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахыг онцолж, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
Сайд Г.Дамдиннямын хэлснээр, уул уурхайн салбар нь Монгол, Канад улсын харилцааны стратегийн гол тулгуур бөгөөд Канадын хөрөнгө оруулалт, туршлага, техник технологи Монголын уул уурхайн салбарт шинэ үеийг авчирсан амжилтын томоохон жишээ болж байна. Тэр дундаа “Оюутолгой” зэрэг томоохон төсөл хоёр орны хамтын амжилтыг тодорхой харуулж буйг дурдлаа.
“Бид Канад Улстай хамтран ‘Хариуцлагатай уул уурхай - Тогтвортой хөгжил’ хэмээх хамтын зорилгыг тууштай хэрэгжүүлж, Монголын аж үйлдвэржилтийг дэмжих, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд Канадын түншүүдтэй идэвхтэй хамтран ажиллах болно”.
Мөн хоёр орны харилцааг өргөжүүлэх үйлсэд Эрхэмсэг хатагтай Элчин сайд Сандра Шуфани-гийн оруулж буй үнэтэй хувь нэмрийг онцлон тэмдэглэж, Канад Улс, түүний ард түмэнд мандан бадарч, Монгол, Канадын түншлэл, хамтын ажиллагаа улам бат бэх болж, хоёр улсын хөгжил, нөхөрлөл амжилттай өргөжихийг ерөөв.
Энэхүү уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаа нь Монгол, Канадын харилцааг шинэ түвшинд гаргаж, тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах чухал алхам болж байна.
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам