Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

"АЛТ-3" АЯНЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИНА

Монгол Улсын Засгийн газар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа.

Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр мэдээлэв. Аяны хүрээнд Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан өргөн барихаар болжээ.

Энэхүү санаачилгын гол зорилго нь гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хадгалах, төлбөрийн тэнцлийг сайжруулах замаар эдийн засгийн хүндрэлээс гарах гарцыг бий болгох явдал юм.

Сүүлийн үед дэлхийн геополитикийн байдал тогтворгүй байгаатай холбоотойгоор олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ огцом хэлбэлзэж, цаашдын төлөв тодорхойгүй болсон. Ийм нөхцөлд Монгол Улс газрын тосны нөөцөө нэмэгдүүлэх, хангалтыг тогтвортой байлгах чиглэлд анхаарч эхэллээ.

Засгийн газрын гаргасан бусад шийдвэрүүдийн хүрээнд:

Шатахууны захиалга, худалдан авалтыг нэмэгдүүлэх замаар улсын нөөцийг өсгөх ажлыг шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх,

Нөөц бүрдүүлэлтэд шаардагдах санхүүжилтийг хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр шийдвэрлэх боломжийг Монголбанктай хамтран судалж, хэрэгжүүлэх арга хэмжээ авах,

Улсын шатахууны нөөцийн агуулахын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр Монгол Улс гадаад орчны нөлөөнөөс хамаарах эрсдлийг бууруулах, дотоодын эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах чухал суурийг тавих зорилготой юм.

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам