Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Петер Акерли хөрөнгө оруулагчдад хандан захидал илгээжээ

П.Жаргалсүрэн

Канадын  "Erdene Resource Development" компаниас Монгол Улсад хэрэгжүүлж буй “Баянхөндий” алтны төсөл  үйлдвэрлэлийн шатандаа шилжихэд ойртож байгааг тус компанийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Петер Акерли хөрөнгө оруулагчдадаа хандан илгээсэн захидалдаа онцолжээ.

Мөн тэрбээр "Дэлхийн хэмжээний өндөр агуулга бүхий илээр олборлох боломжтой, нэгж унц олборлолтын зардал харьцангуй бага Баянхөндий төслийн олборлолт эхлэхэд ойртоод байна. Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрсэн энэ үед төслийн олборлолтыг эхлүүлэх нь манай хувьцаа эзэмшигчдэд алтны үнийн өсөлтөөс шууд хамааралтай өндөр өгөөжийг хүртэх боломжийг бүрдүүлж байна" гэж хэлэв.

Төслийн гол онцлогууд:

  • Баянхөндий ордод өндөр агууламжтай алтны илрэл анх 10 жилийн өмнө илэрсэн бөгөөд богино хугацаанд ашиглалтын шатанд шилжүүлэхээр ажиллаж байна.

  • 2025 оны II улиралд боловсруулах үйлдвэрийн цахилгаан, сантехникийн ажлыг дуусгаж, үйлдвэрийн гаднах бүтээн байгуулалтыг Улсын комисст хүлээлгэн өгчээ.

  • III улиралд анхны алтыг олборлож эхлэхээр төлөвлөсөн байна.

Тус төсөл нь олборлолтоос бий болох мөнгөн урсгалаар Хөндий эрдсийн дүүргийн өргөтгөсөн хайгуул болон хөгжүүлэлтийн ажилд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа аж.

2025 он гарсаар "Erdene Resource Development" компанийн хувьцааны ханш 60 орчим хувиар өссөн бол алтны үнэ 28 орчим хувиар нэмэгдэж, нэг унц нь 3330 ам.доллар хүрээд байна. Энэ өсөлт нь тус төслийг илүү өрсөлдөх чадвартай болгож, хөрөнгө оруулагчдад бодит өгөөж өгөх үндэс суурийг бүрдүүлж байгаа хэмээн тус компани мэдээлжээ.

"Erdene Resource Development" нь Монголын баруун өмнөд бүсэд  үнэт ба өнгөт металлын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Тус компани Торонтогийн болон Монголын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй бөгөөд ил тод, урт хугацааны үнэ цэнийг бүтээх зорилготой  ажиллаж байна.