Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Конго улс экспортын хоригийг сунгаснаар кобальтын үнэ огцом өсөв

О. Дөлгөөн

Дэлхийн кобальтын 80%-ийг нийлүүлдэг Конго улс цахилгаан тээврийн хэрэгслийн батарейн чухал түүхий эд болох кобальтын экспортын хоригоо 2 дугаар сард анх тогтоосноос хойш дахин гурван сараар сунгалаа. Үүний үр дүнд Хятадын кобальтын фьючерсийн үнэ 3 дугаар сарын дунд үеийн түвшинд хүрч, зах зээлд 100,000 тонн орчим кобальтын концентратын хомсдолд орно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Хятадын Үшигийн зэвэрдэггүй гангийн бирж дээр кобальтын фьючерс үнэ 9%-иар өсөж, килограмм нь 254 юань буюу 35.34 ам.долларт хүрлээ. Энэ нь 2025 оны 3 дугаар сарын дунд үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Топ кобальт олборлогч компани болох CMOC группын Конгод байрлах Тэнке Фунгуруме, Кисанфу уурхайнуудын үйл ажиллагаанд энэ хориг арга хэмжээ бараг нөлөөлөхгүй гэжээ.

“Cobalt Holdings” хөрөнгө оруулалтын фирм Лондоны бирж дээр IPO гаргах төлөвлөгөөгөө цуцалсан. Ингэснээр 2022 оноос хойш хамгийн том уул уурхайн IPO гаргах боломж үгүй болсон юм. Тэд 230 сая ам.долларын хөрөнгө босгохоор төлөвлөж байсан бөгөөд “Glencore” компаниас  6,000 тонн кобальтыг хямд үнээр худалдаж авах зорилготой байв.

Конго улс  зэс олборлолтын дайвар бүтээгдэхүүн хэлбэрээр кобальтыг гарган авдаг бөгөөд цахилгаан автомашины эрэлт суларч нийлүүлэлт нэмэгдсэнээс үүдэн энэ оны 1 дүгээр сард кобальтын үнэ хамгийн доод хэмжээнд хүрчээ.

Хятадын зах зээл дээрх кобальтын сулфатын үнэ нэгдүгээр сард тонн тутамд 3,556 ам.доллар байсан бол экспортын хоригийн дараа буюу тавдугаар сард 80%-иар өсөж 6,394 ам.долларт хүрсэн байна. Гэхдээ энэ нь 2022 оны оргил үе болох 19,000 ам.долларт хараахан хүрээгүй байна.

Индонезийн никелийн экспорт нэмэгдэж байгаатай холбогдуулан, Конго улс энэ улстай кобальтын нийлүүлэлтийг хамтран зохицуулах талаар хэлэлцээр хийж байгаа бөгөөд нийлүүлэлтийн квот тогтоох асуудлыг ч ярилцаж байна гэж мэдээллээ.

Эх сурвалж: mining.com