Ч.Сансар
Тавдугаар сард Хятад улс 93 ГВт хүчин чадалтай нарны эрчим хүчний байгууламжуудыг шинээр суурилуулж, өнгөрсөн 2024 оны 12 дугаар сард тогтоосон дээд амжилтыг (71 ГВт) эвдлээ гэж Үндэсний эрчим хүчний удирдлагын газрын мэдээллийг Bloomberg иш татлаа.
BloombegNEF-ийн тооцоолсноор 5-р сарын 93 ГВт нь бүхэл 2024 онд дэлхийн аль ч улсад суурилуулсан бүх нарны станцуудын хүчин чадлаас илүү байсан. Харин нарны эрчим хүчний шинэ байгууламжуудын өсөлт нь энэ сар болон 7 дугаар сард удаашрах төлөвтэй байна. Энэ нь Хятадын шинэ бодлого хэрэгжиж эхлэхтэй холбоотой.
Хятадын засгийн газрын шинэ бодлого 6-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Уг бодлогын хүрээнд нарны эрчим хүчний төслүүдэд төр үнэ ханшийн дэмжлэг үзүүлэхээ больж, уг төслүүд баталгаатай өндөр үнээр цахилгаанаа төрд борлуулж чадахгүй болж байгаа юм байна. Мөн 5 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн өөр нэг шинэ дүрэм нь байшингийн дээвэр дээр суурилуулсан нарны хавтангуудыг төв сүлжээнд холбоход илүү төвөгтэй болгосон.
Энэхүү шинэ бодлого нь энэ зун нарны шинэ төслүүдийн өсөлтийг бууруулж, жил гаруйн хугацаанд хэт их үйлдвэрлэл, үнийн өрсөлдөөн зэрэг асуудлуудтай тулгарч буй Хятадын нарны хавтан үйлдвэрлэгчдэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
Хятадын нарны эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч бүх компаниуд энэ оны эхний улиралд алдагдал хүлээсэн. Тэд алдагдлыг бүтээгдэхүүний үнэ буурсан, мөн АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Д. Трампын эхлүүлсэн худалдаа, тарифын дайнтай холбон тайлбарлав.
Эх сурвалж: oilprice.com