Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“УЗБЕКИСТАНЫ ХУДАЛДААНЫ ТӨВ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд өчигдөр /2025.06.23/ зохион байгуулагдсан Монгол-Узбекистаны II бизнес форумын үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломж бүрдсэн тухай онцлон тэмдэглэж, “Монгол, Узбекистаны худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, тээвэр ложистик, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаа бодит ажил хэрэг болон эрчимжиж байна” хэмээн мэдэгдэв.

Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалын үр дүнд хоёр орны худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх зорилт тавьж, Улаанбаатар болон Ташкент хотод худалдааны төв байгуулахаар тохиролцсон нь стратегийн чухал алхам болсныг дурдав.

Форумын үеэр хоёр тал Ташкент-Бишкек-Өрөмч-Улаанбаатар чиглэлийн авто коридорыг ашиглах, Улаанбаатар-Ташкент хооронд шууд нислэг нээх, Узбекистанаас хүнсний ногоо, жимс жимсгэнэ импортлох, Монголоос мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс шир экспортлох зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо. Мөн Улаанбаатар хотноо “Узбекистаны худалдааны төв”-ийг ёслол төгөлдөр нээж, бизнес эрхлэгчдийн шууд харилцааг дэмжих шинэ боломж бүрдэв.

Монголд одоогийн байдлаар Узбекистаны хөрөнгө оруулалттай 24 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цаашид энэ тоо өсөн нэмэгдэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар